Франц-Канадын иргэн Монгол улсын нутгаар дугуйтай аялж яваад халдлагад өртөж, эрүүл мэндийн шалтгаанаар нутаг буцах болсон тухай бид мэдээлсэн билээ.

Бид ингэхдээ түүний Фэйсбүүк хуудсандаа оруулсан товч бичвэрийг эх сурвалжаа болгон мэдээлсэн юм.

Тэгвэл аялагч Томас Гарон да Силва нийтлэлийн дараа манай редакцад захидал ирүүлж, болсон явдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр өөрөөс нь дэлгэрэнгүй тодруулга авалгүй дутуу дулимаг мэдээлэл, буруу ойлголт түгээсэнд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Монгол орон, Монголын ард түмний талаар таагүй сэтгэгдэл үлдээмээргүй байгаагаа илэрхийлжээ.

Ингээд түүний ирүүлсэн дэлгэрэнгүй тайлбарыг орчуулан хүргэж байна.

“Дөрөвдүгээр сарын 28-ны орой, аяллынхаа хоёр дахь өдөр би Өндөрширээт сумын ойролцоо жижиг толгодын дэргэд хоноглохоор буугаад байлаа.

20:00 цагийн үед нутгийн нэг хүн миний майханд ирээд намайг нойрноос сэрээсэн. Хэлний бэрхшээлийг үл харгалзан бид чадах чинээгээрээ яриа өрнүүлсэн бөгөөд би түүнд дугуйгаа унаж туршихыг санал болгоход тэр үнэхээр их баярлан хөөрч байсан.

Гэсэн хэдий ч тэр намайг сумын төв рүү дагуулж явахыг хүчилснээр байдал буруугаар эргэлээ. Би татгалзаж, майхандаа хонох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Гэтэл түүний шаардлага түрэмгийлэл болон хувирч, намайг майхнаас минь хүчээр чирэн гаргаж, бие махбодод заналхийлж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа цохилоо.

Айсандаа би тусламж гуйн орилоход түүний халдлага хэсэг зуур суларсан. Гэхдээ тэр миний амыг даран чимээгүй болгохыг оролдож байлаа. Тэр гэнэт зугтаж явахынхаа өмнө энэ талаар чимээгүй байхыг дохиогоор анхааруулсан нь аймшигтай санагдсан.

Энэхүү аймшигт явдлын дараа би салгалан чичирч, яахаа мэдэхгүй болсон байлаа. Дараагийн алхмаа хийх эсэхдээ эргэлзэж, хүчтэй айдас түгшүүртэй тэмцэлдэж, нойргүй шөнийг өнгөрүүлсэн.

Үүр цайх үеэр би тусламж хайж, суурин газар бараадахаар шийдэв. Миний биеийн байдал хурдтай муудаж, гүйлгэж, бөөлжиж, яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй болсноо ойлгосон. Маш хэцүү байдалтай ойролцоо айлд очиход сайхан сэтгэлтэй хүмүүс надад тусалж, тайтгаруулсан. Тэд намайг орон нутгийн эмнэлэгт хэвтэхэд эд зүйлсийг, тэр дундаа дугуйг минь хадгалж, хамгаалж байлаа.

Эмнэлгийн ажилтнууд надад маш эелдэг хандаж, мэргэжлийн туслалцаа үзүүлсэн. Орон нутгийн эмнэлэгт хоёр хоноод би Улаанбаатар дахь олон улсын эмнэлэгт ирж, үргэлжлүүлэн эмчлүүллээ. Биеийн тамир тэнхээ барагдаж, шингэн их алдсан ч миний ерөнхий эрүүл мэнд тогтвортой байсан. Бага зэргийн хөхрөлтийг эс тооцвол халдлагын улмаас биедээ гэмтэл аваагүй байлаа.

Эмч мэргэжилтнүүд надад сэтгэл санааны хэвийн байдлаа нэн тэргүүнд тавьж, аяллаа үргэлжлүүлэх талаар дахин бодож үзэхийг зөвлөсөн. Би эхлээд үргэлжлүүлэх бодолтой байсан ч зөвлөсний дагуу төлөвлөгөөнийхөө талаар дахин сайтар бодлоо. Ингээд сэтгэл санааны эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих хэрэгтэйг ухаарсан би хүнд хэцүү шийдвэр гаргаж, аяллаа хойшлуулсан.

Хэцүү үед минь сайхан сэтгэл гаргаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн хүмүүст гүнээ талархаж байгааг онцлон хэлмээр байна. Надад тусалсан айлын энэрэнгүй сэтгэлт хүмүүс болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудад маш их талархаж байна. Тэд энэ бичвэрийг минь олж уншаад тэдний энэрэнгүй сэтгэл, хайр халамж надад ямар их тус хүргэснийг ойлгох байх гэж найдаж байна.

Монголд хийх аялал маань тасарсан ч би энэ орны үзэсгэлэнт байгаль, ард түмний халуун дулаан сэтгэлийг өндөр үнэлсэн хэвээрээ байгаа. Хэзээ нэг цагт би эргэн ирж, энэ гайхамшигт орноор үргэлжлүүлэн аялна гэдэгтээ итгэлтэй байна.

Баярлалаа,

Томас Гарон да Силва”