УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох Үндэсний эвслээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр "Монголын улс төрд улс төрийн намуудын нэгдлийн үндсэн дээр Үндэсний эвсэл бий болсон.

Сонгуулийн тухай хуулийн дагуу салбар салбарын мэргэжилтэн мэргэдийн оролцоотойгоор мөрийн хөтөлбөрөө боловсруулж, ҮАГ-аар шалгагдаж хянуулсан. Улмаар тавдугаар сарын 2-нд УИХ-ын сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос авсан. Тавдугаар сарын 5-наас албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлснээ дуулгая. Үндэсний эвсэл Монголын улс төрийн улиг болсон намуудыг эрүүлжүүлэх, төрөөс намчдыг салгах, улс орны нийгэм, эдийн засгийн бодлогыг хөгжилд хөтлөх бодлоготой. Улс орныхоо төлөө ажилладаг байх зарчимтай. Хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллах бодлого боловсруулж байгаа. Энэ хүрээнд Үндэсний ардчилсан үзэл баримтлалыг суурь  тулгуур болгож, төр нийгмийн түүхэн зүтгэлтэн С.Данзангийн анх санаачилсан "Иргэн баян бол улс баян" зарчид суурилж бодлогоо боловсруулсан. Энэ зарчимд хамтарч ажиллахыг улс төрийн намуудад уриалсан. 

Одоогоор Монголын либерал ардчилсан нам тэргүүтэй тав зургаан нам хамтарч ажиллахаа илэрхийлээд байна. Өнөөдөр Үндэсний эвсэл Монголын либерал ардчилсан намтай хамтарч ажиллах гэрээгээ үзэглэж байна" гэсэн юм. 

Мөн энэ үеэр Монголын Либерал ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа "Сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлснээс хоёр дахь өдөр өнгөрч байна. Эрх баригч нам Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энгийн нэр дэвшигч 17 хоногийн хугацаанд том тойрогт танигдах ямар ч боломжгүй. Уг нь Үндсэн хуулиараа бүх иргэн сонгох сонгогдох эрхтэй. Гэвч ийм боломжийг эрх баригчид хааж байна. 

Эвсэл байгуулах хугацаа хуулиараа хаагдсан учраас ардчилал суурьтай намууд нэгдэх нь зүйтэй гэж харж байна. Тиймээс Монголын либерал ардчилсан нам Үндэсний эвсэлтэй хамтарч ажиллахаар болж байна" гэсэн юм.