Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар өчигдөр /2024*6*3/ хамтарсан мэдэгдэл хийсэн билээ.

 

сонин mn

 

Мэдэгдэл хийх үеэрээ БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко үндсэн тохирсон сэдвээсээ гажин : " Энэхүү боломжийг ашиглан Монгол болон Беларус Улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад миний Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын талаар нэг асуудлыг тодорхой болгохыг хүсч байна. Монгол Улсын зарим иргэд Беларус Улсаас Монгол Улсад нийлүүлж буй тоног төхөөрөмжүүдийг сөргөөр хүлээж авсан.

 

ОХУ-аас Украин Улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаанаас үүдэн ингэж хүлээж авсан байна. Би Монгол Улсын түүхийг, Чингис хааны түүхийг судлаж үзсэн. Тэр хүн Монгол Улсын Их гүрнийг хамгаалахын төлөө их ажил хийсэн. Өөрийн ард иргэд, анд нөхөд, дайчдаа яаж хамгаалж байсан гэдгийг би мэднэ.

 

 

Хэрэв Монгол цэргийг хэн нэгэн гомдоосон бол, үл хүндэтгэсэн бол дэлхийн хаана ч байсан, одоо ОХУ-Украинд болж буй үйл явдлыг тухайн үеийн үйл явдалтай дүйцүүлэн хэлж болох юм.

 

 

АНУ болон барууны улсууд ЗХУ-г тарж бутрахыг хүсч байсан. Тухайн үед ЗХУ-тай хамтын ажиллагаа өргөжиж байсан. Үүнийг хүн бүр мэдэж байгаа хэр нь одоо огт дурьдахгүй байна. ЗХУ тарж бутарсны дараа бид АНУ болон барууны улс орнуудтай сайхан хамтарч ажиллаж байсан. Тухайн үед НАТО зэрэг цэргийн блокууд ОХУ болон Беларусын хил рүү хэзээ ч ойртохгүй гэдэг амлалт өгч байсан. Гэтэл бидний энэ хамтын ажиллагааны эсрэг хориг арга хэмжээ авч явуулсан эхний улс нь Украин байсан. Бидний ах дүү байсан улсууд биднээс нүүр буруулсан. Бид барууны улсууд руу эзлэн түрэмгийлэх бодлого явуулаагүй. Бид зөвхөн газар нутгаа л хамгаалсан. Чингис хаан ч тухайн үедээ өөрийн газар нутгаа хамгаалах бодлого л явуулж байсан. Харин өнөөдөр Украин Улс өмнөх зуун шиг хүмүүсийг амьдаар нь шатааж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн В.Путин тэнд байгаа өөрийн иргэдээ хамгаалах бодлого явуулсан.

 

Би энэ түүхийн амьд гэрч. Намайг зохицуулагч гэдэг. Би энхийн хэлэлцээрийн төлөөх хэд хэдэн уулзалтыг зохион байгуулж байсан. Минскийн уулзалт бол зөвхөн Украин улсад цаг хожих зүйл байсан гэдгийг барууны удирдагчид хүлээн зөвшөөрч байна. Чингис хааны түүх бол агуу. Украин Улстай энхийн яриа хэлэлцээрийг хэд хэдэн удаа хийсэн. Энэ яриа хэлэлцээрүүд үр дүнд хүрсэн бол дайны ажиллагаа зогсох байсан. Гэтэл барууны удирдагчид Украинд очиж энхийн яриа хэрэггүй гэж хэлсэн.

 

 

Өчигдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчид хэлж байлаа. Одоо Украинд дайтах хүн, зэр зэвсэг байхгүй болсон. ОХУ ч энэ дайныг огт хүсэхгүй байгаа. Ийм байхад яагаад энхийн хэлэлцээрт орж болохгүй байгаа юм бэ? АНУ бол ОХУ-г дайтуулж хүчийг нь сулруулахыг л хүсч байна.

 

 

Ийм зарчимтай бодлого л явуулж байна. Үүнийг Монгол улсын иргэд та бүхэн ойлгоосой гэж би хүсч байна. АНУ болон барууны хэвлэлүүд юу гэж ярьж байгааг та бүхэн тунгаагаарай. Та бүхэн манай улсад зочилж, өөрсдийн нүдээр бодит байдлыг харж, дүгнэлтээ хийгээсэй гэж хүсч байна. Бид ОХУ-тай холбоотон улс, хамтдаа олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хамгийн дотно анд нөхөр минь. Хоёр орны хамтарсан эрхзүйн бичиг баримтуудыг үндэслэн бид ямагт ОХУ-ын талд байх болно. АНУ тэргүүтэй улсууд юу ч гэж хэлсэн тухайн бүс нутагт энхтайван тогтоосой гэж бид хүсдэг.

 

Та бүхэн аливаа мэдээллийг судлан, тунгаан бодоорой. Хэвлэлд өгөх мэдээнээсээ гажиж нэмэлтээр мэдээлэл өгсөнд уучлаарай. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг талыг баримтлан биднийг Монголын ард түмний дайсан мэт харуулж байгаа нь харамсалтай. Бид их гүрнүүдтэй ижил түвшинд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бүрэн боломжтой, амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Анхаарал хандуулсанд баярлалаа." гэв.