Дани улсын эрх баригчид Өмнөд Солонгосын Samyang компанийн хэдэн төрлийн бэлэн хоолыг хэт их халуун ногоотой тул хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр зах зээлээс татах шийдвэр гаргажээ.

Тухайлбал тус компанийн Buldak 3x Spicy & Hot Chicken, 2x Spicy & Hot Chicken, Hot Chicken Stew гурван төрлийн бэлэн хоолыг татсан байна.

Дани улсын хүнсний аюулгүй байдлын агентлаг дээрх бүтээгдэхүүнүүдийг худалдаанаас татаж, худалдаж авсан хүмүүст хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.

Үйлдвэрлэгч Samyang компани “Дани улсын эрх баригчид манай бүтээгдэхүүнийг чанараас нь бус, харин хэт их халуун ногоотой гэсэн шалтгаанаар татсан гэж бид ойлгож байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд дэлхий даяар экспортлогддог. Гэхдээ ийм шалтгаанаар анх удаа буцаан татагдаж байна” гэж мэдэгдсэн байна.

Ийм шийдвэр гаргахад хэрэглэгчтэй холбоотой ямар нэг асуудал нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байна.

Дани улсын Мал эмнэлэг, Хүнсний хэрэг эрхлэх газраас гаргасан мэдэгдэлд нэгж бүтээгдэхүүн дэх капсайцины (capsaicin) хэмжээ “хэрэглэгчид цочмог хордлого үүсгэж болохуйц эрсдэлтэй өндөр хэмжээнд байна” гэж мэдэгджээ.

“Хэрвээ танд энэ бүтээгдэхүүн байгаа бол хаях эсвэл дэлгүүрт нь буцааж өгөх хэрэгтэй” гэж тус байгууллага зөвлөсөн байна.

Ялангуяа хэт их халуун ногооны орц хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэйг онцгойлон анхааруулжээ.

Энэхүү мэдэгдэл нь халуун ногоонд дурлагсдын эсэргүүцэлтэй тулгарч, Данийн сошиал орчинд хэлэлцүүлэг маргаан үүсгэсэн байна.

Даничууд хоол хүнсэндээ халуун ногоо хэрэглэдэггүй уламжлалтай бөгөөд тэсвэрлэх чадвар ч бага гэлцдэг.

Тиймээс даничууд халуун ногоотой бэлэн хоолыг “хортой” гэж бодох нь аргагүй хэмээн зарим нь хошигножээ.

Samyang компани Дани улсын хүнсний зохицуулалтын орчныг сайтар судалсны дараа зохих хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Капсайцин нь чинжүүний найрлагад агуулагддаг химийн нэгдэл бөгөөд шатаж буй мэт мэдрэмжийг төрүүлдэг ажээ.

Хүн чинжүү идэх үед капсайцин шүлсэнд ялгарч, амны хөндийн амт мэдрэгчүүдтэй холбогддог байна.

Samyang бол 1960-аад оны үед Өмнөд Солонгост хамгийн анхны гоймонтой бэлэн хоол үйлдвэрлэсэн компани юм.

 

Эх сурвалж: BBC