Хамтарсан засагт сайдаар уягдсан АН, ХҮН намууд “хариуцлагын шон”-гоос гэрээгээр аргамжуулах уу
2024/07/17
Ялсан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намыг засагтаа урьжээ. Хоёр намын дарга Тэргүүн Шадар сайд, Шадар сайдын албан тушаалд томилогдов.
Хамтарсан Засгийн газар хэмээн нэрийдэж байна. Ингэх хууль байхгүй. Гэсэн атал хуульд харшлахгүй. Ийм л Засгийн газар байгуулагдлаа.
Гурван бүрэн эрхийн өмнөх 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа ийм загварын Засгийн газар байгуулагдаж байв. Санаачлагч С.Баяр “...Стандарт бус Засгийн газар” гэж нэрлэсэн. Үүгээрээ тэр байгуулсан Засгийн газраа эхнээсээ үгүйсгэсэн. “...Хуулийн бус” гээд хэлчихсэн юм.
Гэхдээ С.Баярын “Стандарт бус Засгийн газар”, Л.Оюун-Эрдэнийн “Гурван намын хамтарсан Засгийн газар” хоёрын хооронд цаг хугацааны онцлог ялгаа нэлээд байх шиг байна.
Нэг нь тэртээх 2008 он, нөгөө нь өнөөгийн 2024 он шүү дээ.
Маш товч хэлэхэд, 2008 онд Монгол дотоод асуудал ихтэй байв. Уул уурхайн томоохон ордуудыг хөдөлгөх гэж байсан үе л дээ. “...Яг тэр эрх ашиг дээр нийлсэн хүмүүсийн нэгдэл тэрхүү стандарт бус Засгийн газрыг байгуулсан” гэдэг. “...Оюу толгой, бас Тавантолгой” гэхээр ойлгомжтой болно. Он цаг, үйл явдлын дарааллаар нь хөөхөөр тэгж л харагддаг. Ийм дүгнэлттэй 10 гаруй жил явж, өнөөг хүрсэн.
Энэ жилийн тухайд ч дотооддоо асуудалтай хэвээр л байна. Гэвч энэ нь шинж тэмдгийн хямрал гэхэд болно. Яагаад гэхээр олон жил нэг хэвээр явж ирсэн Монголын улс төр, нийгмийн амьдралд сүүлийн гурван жилд огцом өөрчлөлт олон өрнөсөн. Үүний цаана улс төрийн шилжилт хөдөлгөөн ч явагдсан. Илрэл нь МАН-д ч, АН-д ч явагдсан эвдрэлцлийн процесс юм. МАН-ынх 2016 оноос 2019 оныг хүртэл, АН-ынх 2017 оноос 2024 оныг хүртэл үргэлжилсэн.
УИХ-ын 2024 оны сонгууль гэхэд МАН нэг талдаа гарчихсан. Тэр байтугай энэхүү тогтолцооны өөрчлөлтийг санаачилж хийсэн. Харин АН амжаагүй. Сонгуулийн эцсийн дүн гарах хүртэл хоёроос дээш томоохон, бодит фракцын хуваагдал дунд явцгаасан.
Ер нь бол 30 жилийн туршид эвцэлдэн нийлж, МАНАН, хонгил гэх зэргээр нэрлэгдсэн бүлэглэл МАН-д ч, АН-д ч хөл гараа тавьчихсан байсан. Сүүлийн 2-3 жилд тэрхүү бүлэглэлтэй холбоотой олон ноцой мэдээлэл ил болсон. Тэр нь Монголын хамгийн том хоёр намын нэр хүндэд маш хүнд цохилтыг өгсөн. Энэ нь саяын сонгуульд шууд нөлөөлсөн. Ингэж үзэж, дүгнэж буй хүн олон байна.
Хамгийн гол нь, энэ сонгуулийн цаг хугацаа гадаад ертөнцийн нөхцөл байдал маш их хөдөлгөөнтэй байгаатай давхцаж байгаа юм. Геополитикийн асар хурдан бөгөөд төсөөлөмгүй “гулсалт” явагдаж байгааг дэлхийгээрээ ярьж байгаа цаг. Энэ жил нийтдээ 60 гаруй улсад сонгууль болж байна. Энэ бас гол нөлөөг үзүүлнэ. Саяхан эрх баригчдын эсрэг хөдөлж байсан дотоодын хүчнүүд ч Трампыг буудуулсны дараа “...Монгол Улс маань геополитикийн эмзэг цэгт оршиж байна шүү” гээд эхэлж байна. Ингэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүй л дээ. Яг үнэндээ, өнөөдрийн энэ УИХ-ыг солонгоруулсан тогтолцооны өөрчлөлтийг өнгөрсөн жилүүдэд хийж чадсан нь бидний хувьд “супер хамгаалалт” болж мэдэх юм. Яагаав, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш 2022 оны намар Монголд ирээд “...Далайн давалгаа эргийн хаданд цохиход ус хад хоёр биш, тэнд хөвж явсан зүйлс сүйрдэг” гэсэн агуулга бүхий зүйл хэлчихээд явсан даа. Айхтар үг л дээ. Үүнтэй л холбоод бодчих хэрэгтэй. Товчхондоо, өнөөдрийн нөхцөд байдал ийм л байна. Тэгэхээр, Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газрыг 16 жилийн өмнөхөөс ингэж ялгаж болохоор...
Нөгөөтэйгүүр ялсан нь санаачилга гаргаад бусад суудалтай намаа засагт урьдаг жишиг дэлхийд тархжээ. Парламент нь олон улсад загвар болдог улс орнууд Засгийн газраа ийм байдлаар байгуулдаг болсон байгаа юм. Ингэх шалтгаан нь манайхаар бол улстөржилтөөс зугтаж, томоохон төслөө, улс орныхоо хөгжлийг гацаахгүй л гэсэн агуулгатай.
Энэ Засгийн газарт хамтарсан хоёр намын дарга ч “...Олон жил улстөржсөн Монгол Улс өнөөдрөөс улс төрийн хувьд шинэ хандлага, шинэ соёл, шинэ бүтэц бүхий Засгийн газар байгуулж, бие биедээ саад тээг тавьж биш, харин Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэгдэж байна” гэжээ.
Ямартай ч МАН-ын санаачилгыг дэмжиж АН, ХҮН нам хоёр засагт нь шадарласан. Эдийн засаг, хууль эрх зүй, хүний эрх зэрэг гол асуудлуудыг АН авч, төрийн тендер, хяналт шалгалт, боловсролыг ХҮН нам хариуцлаа. Ингээд энэ хоёр нам сайдын суудлаар засагт уягдчихаж байгаа юм.
Хоёр нам Засгийн газарт хамтраад байгуулсан санамж бичигтээ эдийн засгийн өсөлтийг жил бүр 6-7 хувьд хадгалах, эдийн засгийн хүртээмжийг дээшлүүлэхийн тулд төрийн бүтээмжийг дээшлүүлж, цомхон чадварлаг, хүнд сурталгүй болгох, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг багадаа хоёр дахин тэлэх, эрчим хүчний либералчлалын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, нийслэл хотын төвөөс нисэх буудал хүрсэн тойрог дэд бүтцийг байгуулах, мэдээллийн технологи, инновац, дэвшилтэд ногоон шилжилтийг салбар бүхэнд цаг алдалгүй хийх, орон сууцжуулалтын томоохон бодлогыг бүсчилсэн хөгжлийн төслүүдтэй уялдуулан зохион байгуулах зэрэг олон асуудлыг тусгажээ.
Мөн Л.Оюун-Эрдэнэ наадмын өмнө хэд хоног үргэлжилсэн УИХ-ын анхдугаар чуулганы үеэр “...Засгийн газар авлигатай тэмцээд 1.5 жил болж байна. 1.5 жилд нь цар тахал таарсан. Үүнийг мартчихаж. Би гурван жил л ажиллаж байгаа хүн. Энэ хугацаанд авлигатай тэмцэх гэж оролдсон. Мэдээллийг ил болгосон, ялын бодлогыг чангатгасан. Удаан хугацаанд явчихсан учраас тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй юм. Авлигын мөнгөөр баяжсан бол тэр хууль бус орлогыг хураах нь дэлхийн хаана ч байдаг. Манайд болохоор “...Минийх”, “...Хувийн өмч” гээд явдаг. Нээрэн л өнгөрсөн цаг хугацаанд Ерөнхий сайд ийм асуудал яриад байсан нь буруу ч байж магадгүй. Уг нь парламентын гишүүдийн ажил л даа. Авлига яриад, хүн амьтан гомдоосон байж магадгүй. Гэхдээ л цагаа тулахаар энэ хялбар биш шүү. Олигархиудтай тулаад, өөдөөс нь үгүй гэж хэлж, материал задлах тийм хялбар биш”, “...Шүүх, прокурор нь чухам ямар чиг үүрэгтэйг олон нийтэд ойлгуулахгүй бол энэ дунд маш их будилаан гардаг. Жишээ нь, шүүхтэй холбоотой нэг асуудал УИХ-аар хэлэлцэх болоход нийгэмд заавал нэг сенсац тарьдаг. Би үүнийг сайн мэдэрдэг болоод байна. Аргыг нь ойлгодог болоод байна. Тэгээд л бужигнаан болно. Бужигнаж байх хооронд гишүүдийг лоббиддог. Үр дагавар нь хэдэн хүн “...Авлигын эсрэг шүүх бол буруу юм” гэж хэлээд тэр асуудлыг унагаадаг. Улмаар мартчихдаг. Ийм асуудлууд их гардаг шүү. Шүүх дотор Батдэлгэр гэж нөхрөөс авхуулаад олон хүмүүс ийм будилаан тарьдаг. Шүүгч нар Төрийн ордонд, гишүүдийн арын өрөөнд байж байдгаа болимоор байна. Шүүх засаглал шүүх засаглалаараа л баймаар байна. Би шүүхэд шүүмжлэлтэй ханддаг. Би Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш хэн нэг шүүгчтэй тусгайлан нэг ч удаа уулзаагүй. Энэ бол эрх мэдлийн тусдаа ойлголт юм шүү. Тийм учраас энэ идеологийг хадгалахын тулд “Шударга ёс” гэдэг үгийг оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн юм. Шүүх ч гэсэн шударга ёсны ордонтой болох хэрэгтэй” гэсэн. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ сүүлийн жилүүдэд ярьж буй авлигын эсрэг үйл ажиллагаагаа ч үргэлжлүүлэхээр оруулсан гэсэн үг.
Дөрвөн жил юухан байх вэ, дараагийн сонгуулийн мөчлөгтэй мөдхөн тулна. Урьд нь эвсэж, хамтарсан Засгийн газруудыг харж байхад сонгуулийн жил эхлээд л уригдсан нь хаяад гардаг. Нэг мэдэгдэл хийгээд л сонгуулиа бодоод засгаас гараад явчихдаг. Тэгвэл энэ удаад тэгэх хэцүү. Бараг боломжгүй. Энэ удаад өмнөх Засгийн газрууд шиг сайдын суудлуудыг хуваалаа, тэгээд найрлачихдаг явдал гарахааргүй шинжтэй.
Л.Оюун-Эрдэнэ “...Засгийн газар бүрдсэнээс хойш 30 хоногийн дотор ХБНГУ, Шинэ Зеландын парламентын засаглалтай, хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгуулиа явуулдаг улс орнуудын нийтлэг жишгээр үйл ажиллагааны төлөвлөгөөг багтаасан гэрээг боловсруулна. Энэ гэрээ хийгдсэнээр тухайн гэрээнд тусгагдсан асуудлаа барьж, үүрэг хүлээж ажиллана. Гэрээ байгуулах ажилд намууд төлөөллөө оруулж, асуудалд нухацтай хандаж, улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой” гэжээ. Гурван нам гэрээгээ боловсруулаад эхэлсэн байна. Ингэчихээр дээр хэлсэнчлэн АН, ХҮН намынхан сонгуулийн жил гарангуут засгаас гарч гүйхэд хүнд болно.
Товчхондоо, засагт орж сайдын суудлаар уягдсан хоёр нам дээрх гэрээгээр хамтын хариуцлага гэдэг “шон”-д аргамжуулчхаж байгаа юм. Ер нь эцсийн эцэст өнөөдөр ярьсан, гэрээлснээ маргааш гэхэд хийчихсэн байхад засагт хамтарсан гурван нам салсан ч нийлсэн ч маньд юуны хамаа билээ дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/07/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/17
SAWI80955877
Зочин · 2024/07/17
SHAALGX ERTEI80955877
Зочин · 2024/07/17
SEXSYGEER80955877UILCHLN
Зочин · 2024/07/17
DYYDLGN80955877