\

Монгол Улсад анх удаагаа хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж, дэлхийн шилдгүүд нэг дор хуран цуглалаа.

Засгийн газар “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 3 сарын хугацаатай явуулж, 18 улсын 36 багийн бүтээлээр “Kharkhorum city” хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн саналыг авч эхэллээ.

 

XIII зуунд дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв болж байсан Их Монгол Улсын нийслэл “Хархорум” хотыг сэргээн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг, Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай Улсын Их хурлын 2023 оны 07 дугаар тогтоол гарч шинэ хот байгуулахад шаардлагатай хот төлөвлөлтийн суурь судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан юм.

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тус үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Улс төрийн гурван намаас бүрдсэн хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” гэрээний төсөлд Монгол улсын хөгжил, дэвшлийг бодитоор урагшлуулах 15 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр төслийн нэг нь "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт бөгөөд манай Засгийн газар шинэ хотын бүтээн байгуулалтад онцгой анхаарч ажиллах болно. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ч мөн шинэ хотуудын ажлыг эхлүүлэхээр тусгасан байдаг. Энэ хүрээнд "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулан ажиллуулж байна” гэсэн юм. 

Дэлхийн улс орнууд шинээр байгуулж байгаа хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн туршлага, шинэлэг санаа, технологийн дэвшилтэт шийдлийг тусгах зорилгоор олон улсын нээлттэй уралдаан зохион байгуулж үзэл баримтлалаа тодорхойлдог жишиг тогтсон байна. Үүний дагуу энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.