Дүнжингаравын уулзварт 2024 оны нэгдүгээр сард болсон ослын улмаас 207 дугаар байр галд ихээхэн өртсөн.

Ослын улмаас тус байранд амьдарч байсан

  • Өндөр настан 17
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2 
  • Бага насны хүүхэд 13 
  • Өсвөр насны 70
  • Хэвтрийн өвчтөн нэг
  • Жирэмсэн эх хоёр 
  • Хөдөлмөрийн насны иргэд 112, нийт 218 оршин суугч орон гэргүй болсон юм.

Иймд байрны асуудал шийдэгдтэл дээрх иргэдийг түрээсийн байранд амьдруулж байгаа. Харин иргэд асуудлыг түргэн хугацаанд шийдэж өгөхийг шаардаж буй. 

Өнөөдөр 207 дугаар байрны асуудлаар нийслэлийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл санал солилцож байна. 

Урьдчилан тооцож буйгаар 207 дугаар байрыг засварлах, хүчитгэх зардал нь 10 тэрбум төгрөг, мөн нураагаад дахин барих зардал нь үүнтэй ойролцоо болохоор байгааг нийслэлээс танилцуулав. 

Тодруулбал Барилгын Хөгжлийн Төвийн тооцсоноор 207 дугаар байрыг буулгахад 2.6 тэрбум төгрөг, нэг метр квадратыг нь 2.5 сая төгрөгөөр барина гэж бодоход 10 тэрбум буюу нийтдээ 12.7 тэрбум төгрөгөөр буулгаад шинээр барих боломжтой байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр "Хүчитгэлийн зардал өндөр байдаг учраас засвар болон хүчитгэл гэхээр шинэ барилгатайгаа өртөг нь адилхан болоод байгаа.

Хуулийн байгууллагад хохирлыг асуудал шалгагдаж байгаа. Хохирол барагдуулах, эргээд төсөвт төвлөрүүлэх зэргийг хуулийн байгууллага шийднэ.

Засаг даргын хувьд иргэдийнхээ орон байрны асуудлыг өөрсдөөс нь санал авч байж шийдэх тал дээр ажиллаж байгаа. Онцгой нөхцөлөөр хурдан буулгах компани олох, шинээр барих зэрэгт хугацаа орно. Гэхдээ төсөв мөнгө нь яах вэ зэргээр бүү эргэлзээрэй гэдгийг Засаг даргын нэрийн өмнөөс хэлье" хэмээлээ.

207 дугаар байрны оршин суугчид "Засах газар олдохгүй байгаа юм чинь нураах газар олдох уу. Нураагаад барихад хэдий хэр хугацаа орох вэ. Тэр хугацаанд бид хаана амьдрах вэ, мөн түрээсийн зардлыг яах вэ. Эдгээрт анхаарч байгаа юу" зэргээр байр сууриа илэрхийлж, холбогдох албаны хүмүүсээс асуулт асуулаа. 

Энэ асуултад албаны хүн хариулахдаа "Түрээсийн асуудлыг шийднэ. Барилга байгууламжийг аль болох хурдан барихаар олон байгууллагатай холбогдсон. Та бүгдийг асуудлыг түргэн шийдэхээр ажиллаж байна" гэв.

Харин иргэд нураах болон барилга барих ажлын графикаа нарийвчлан гаргах, түрээсийн төлбөрийг шийдэх, төлөвлөсөн хугацаандаа ажиллах шаардлагатайг хэлж байв.