Тамирчин, дасгалжуулагч нартаа баярлалаа
2024/08/13
Францын нийслэл Парис хотноо XXXIII дахь удаагийн цэнгэлийн манлай олимпын наадам амжилттай болж өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болж, тамирчдын нэгэн насны хөдөлмөр, хурд хүч, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужлыг сорьдог ч тамирчин бүхний мөрөөдөл нь олимпын наадам байдаг билээ.
Тэд Парисын дэвжээнд медаль хүртэж, эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж, баярын нулимстай зогсохын тулд дэлхийн таван тивээс Францын нийслэлд цугласан юм. Энэ удаагийн олимпын наадамд 206 орны тамирчид спортын оргилд алдар нэрээ цуурайтуулахын төлөө өрсөлдлөө.
Түүний нэг нь Монгол Улс байв. Монголчуудын хувьд 1964 оны Токиогийн олимпод анхлан оролцсоноос хойш дэлхийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон тус наадамд жил алгасахгүй оролцож, амжилт гаргасан арвин түүхтэй.
Ийнхүү энэ жилийн XXXIII дахь удаагийн наадамд 33 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, жүдо бөхийн төрөлд нэг мөнгөн медаль, чөлөөт бөхийн төрөлд хоёр шагналт тавдугаар байр эзэлсэн амжилттайгаар 74 дүгээр байрт бичигдсэнээр тэмцээнээ дуусгалаа. Гуравхан сая хүн амтай монголчуудын хувьд спортын найман төрлөөр олимпод оролцоно гэдэг том амжилт төдийгүй, цаашлаад үүнээс ч олон төрлөөр өрсөлдөж болно гэдгийг харуулсан алхам байв. Харин Парисын олимпын наадмыг энэ жил АНУ нийт 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл медаль авсан амжилтаар өнгөлсөн юм. Харин удаах байрт БНХАУ, Японы баг бичигдлээ.
Парисын тэнгэрт Монголын төрийн далбаа намирав
Олимпын наадмын эхний өдөр жүдо бөхийн төрлөөр Монголын баг тамирчдын тэмцээн эхэлсэн билээ. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-ийн жинд Бавуудоржийн Баасанхүү салхийг хагалсан. Энэ жинд өмнөх Токиогийн олимпоос Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ. Тэгвэл түүний залгамж халаа болсон Б.Баасанхүү эхний тойрогт Мальта улсын Катрина Эспоситог цэвэр, дараагийн тойрогт Австрийн Катарина Танзерийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелаг мөн цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан. Медалийн төлөөх барилдааны өрсөлдөгч нь Испанийн Мартинез Абеленда байлаа.
Хэн хэн нь хоёр торгуультай байхад манай бөх жийж татаад иппон үнэлгээгээр ялалт авсан. Ингээд Б.Баасанхүү Японы Цүнадо Нацүмитай аваргын төлөө барилдаж, вазари үнэлгээгээр ялагдсанаар олимпын мөнгөн медаль зүүлээ. Б.Баасанхүү Монголын жүдочдын олимпын 12 дахь медалийг авчирсан юм.
Түүний хувьд энэ онд Улсын, Азийн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртээд байсан билээ. Улмаар Парисын тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол Улсын нэр төрийн медалийг авчирлаа. Харин тэмцээний сүүлийн өдрүүдэд чөлөөт бөхийн төрөлд монголчууд хамгийн өндөр өрсөлдөөнийг хийж, хоёр бөх хүрэл медалийн төлөө гарч ирсэн боловч, шагналт тавдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Тодруулбал, “Парис-2024” Зуны олимпын ХХХIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин П.Орхон хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизстаны Олимпын мөнгөн медальт, Дэлхийн гурван удаагийн аварга, Ази тивийн аварга, дэлхийн чансааг жиндээ тэргүүлэгч, Киргизийн бөх Тыныбекова Айсулуутай хүч үзсэн. Уг барилдаанд П.Орхон ялагдал хүлээсэн юм.
Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга хүрэл медалийн төлөө Пуэрто Рикогийн бөх Себастьян Ривератай барилдаж, эцсийн мөчид 9:10-аар хожигдсон юм. Гэвч тэд тамирчин хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг харуулж, эцсийн мөч хүртэл өөрсдийгөө дайчлан барилдахыг нь харах бахархам байв. Тамирчны ялалт хямдхан олддоггүй. Манай тамирчид ямар их хөдөлмөрлөж, шалгуур сорилт бүхнийг давж, Парисын дэвжээнд очсоныг нь бид мэднэ. Гэвч олимпын наадамд сул өрсөлдөгч гэж байхгүй. Энэ удаагийн олимпын бөхийн төрөлд медаль хүртсэн тамирчин бүхний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Монголын баг тамирчид байв.
Б.Сэр-од зургаа дахь олимпдоо оролцлоо
Энэ удаагийн Парисын олимпын үеэр нэгэн түүх бичигдсэн нь Монголын марафонч Б.Сэр-Одын тухай байв. Тэрээр зургаа дахь олимпдоо оролцож, замаа амжилттай дуусгасан юм. Учир нь түүн шиг зургаан олимп дараалан оролцож, тавд нь замаа дуусгасан гүйгч бөмбөрцөгт байхгүй ажээ. Тиймээс хэдийгээр манай тамирчин 71 дүгээр байраар барианд орж ирсэн ч тэнд хуран цугларсан үзэгчид болоод тамирчид Монголын марафонч Б.Сэр-Одод баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байсан юм. Үүнээс гадна тэрээр 11 удаа ДАШТ-д оролцсон байдаг. Энэ удаагийн Парисын олимпод түүний төрөлд 42 орны 81 тамирчин бүртгүүлсэн.
Б.Сэр-Од тэргүүлэгчээс +36:07 хугацаагаар хоцорсон ч амжилттай барианд орж чадсанаар энэхүү спортын домог гэдгээ батлан харууллаа. Манай тамирчин 2002 оноос хойш ойролцоогоор 74 марафонд амжилттай гүйсэн ажээ.
Б.Сэр-Од Токиогийн олимпын дараа зодог тайлах тухай бодож байсан гэдэг. Гэвч эхнэр, дасгалжуулагч, дотнын зөвлөгч О.Оюунтуяагийнхаа үгэнд орж, спортоосоо холдоогүй гэнэ. Энэ талаараа “Эхнэр маань Токиогийн олимп нэгэнт болоод өнгөрснийг сануулж, цаашаа явах ёстой гэж хэлсэн. Тэр намайг өөртөө, дараагийн олимп, ДАШТ-д шинэ зорилго тавих ёстойг сануулсан. Тэгэхэд л дахин гүйх хүсэл маань оргилсон. Би юу хүсэж байгаагаа удаан бодсон. Эцэст нь марафонд оролцохыг хүссэн. Би марафонд дуртай тул үүнийг л хийх хэрэгтэй гэж бодсон” хэмээн Парисын олимп руу явахынхаа өмнө сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг. Ийнхүү Францын нийслэл Парис хотноо болсон XXXIII дахь удаагийн зуны олимпын наадамд Монголын 33 тамирчин амжилттай оролцлоо. Парисын дэвжээнд хүч үзсэн хүн бүхэн ялагч билээ. Тиймээс тамирчин, дасгалжуулагч нартаа баярлалаа. Эх орондоо тавтай морил.
ОЛИМПОД ОРОЛЦСОН ТАМИРЧДЫН НЭРС
- О.Есүгэн /буудлага/
- Э.Даваахүү /буудлага/
- Н.Баяраа /буудлага/
- Б.Отгонболд /байт харваа/
- О.Есүгэн /бокс/
- Б.Чинзориг /бокс/
- С.Жамбалжамц /дугуй/
- Б.Тэгшбаяр /дугуй/
- Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
- Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
- Т.Тулга /чөлөөт бөх/
- Б.Бат-Эрдэнэ /чөлөөт бөх/
- М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/
- Б.Хулан /чөлөөт бөх/
- Б.Хонгорзул /чөлөөт бөх/
- П.Орхон /чөлөөт бөх/
- Э.Даваанасан /чөлөөт бөх/
- Г.Хишигсайхан /марафон/
- Б.Мөнхзаяа /марафон/
- Б.Сэр-Од /марафон/
- М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
- Б.Баасанхүү /жүдо -48 кг/
- Л.Сосорбарам /жүдо -52 кг/
- Л.Энхрийлэн /жүдо -57 кг/
- О.Хүслэн /жүдо -78 кг/
- А.Адьяасүрэн /+78 кг/
- Э.Ариунболд /-60 кг/
- Ё. Басхүү /-66 кг/
- Б.Эрдэнэбаяр /-73 кг/
- Б.Гончигсүрэн /-100 кг/
- О.Цэцэнцэнгэл /+100 кг/
- Б.Энхтамир /усанд сэлэлт/
- Б.Энххүслэн /усанд сэлэлт/
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/08/13
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/08/13
ANUSDI80955877