Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний салхи сэвэлзэж асан тэртээ 1990-ээд онд МСДН- ын нарийн бичгийн даргаар сонгогдож, 10 жил багшилсан МУИС-иасаа чөлөөлөгдөв.

Тэрбээр 1958 онд Увс аймгийн Улаангом хотноо мэндэлж, дунд сургуулиа онц төгсөөд, МУИС-ийн Физик, математикийн факультетийн физикийн ангид элсэн таван жил суралцаж, биофизикч, физикийн багш мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд ФМФ-ийн Биофизикийн тэнхимд 10 жил багшилж, судалгааны ажил хийж байгаад улс төрд орсон нэгэн. Ийнхүү ардын багшаас ардчилсан Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд болсон намтартай хүн бол Норовын Алтанхуяг.

Парламентын туршлагатай гишүүдийн нэг, тэрбээр 2020 онд УИХ-ын 20 дугаар тойрог буюу Орхон аймагт бие даан нэр дэвшиж, УИХ-д дөрөв дэх удаа сонгогдсон юм.

Орхон аймгийн иргэд түүнд итгэл хүлээлгэж дөрвөн жил төрд түмнийг төлөөлөх их хариуцлага, үүрэг оноосон билээ. Тэрбээр "Оргил өөд" номондоо "Монголдоо сайхан амьдаръя" концепцыг дэвшүүлж байсан. Орхон аймагт нэр дэвших болсон шалтгаан нь ч үүнтэй агаар нэг байв. Байгалийн баялгийг цөөхөн бүлэг хувааж, иддэг шударга бус байдлыг таслан зогсоож, иргэд баялагтаа эзэн байх ёстой гэсэн зарчмыг илэрхийлж, эл зарчмын дагуу парламентад голчлон дуугарч ирлээ. УИХ-ын гишүүн болонгуутаа чуулганы индрээс сануулсан эхний үзэл санаа нь "Шударга ёсыг тогтоож, байгалийн баялгийг тэгш хуваарилж, дундаж давхаргыг босгохын төлөө хэнтэй ч хамтарч ажиллана" гэх үг байв. Үүнийхээ төлөө ажилласан.

Байгалийн баялгийг тэгш хүртээхийн тулд Н.Алтанхуяг гишүүн "34:33:33" буюу "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж, байгалийн баялгаас иргэдэд хүртээх замын эхлэлийг тавих гэж мэрийсэн юм. Тодруулбал, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр бол Монгол Улсын өмч. Энэхүү баялгийн дийлэнхийг улсын хөгжил цэцэглэлтэд зарцуулж буй. Гэвч орон нутгийн иргэд жилдээ 300 орчим тэрбумын ашигтай ажилладаг үйлдвэрүүдээс хувь хүртэхгүй байгааг залруулах шаардлагатайг олж харжээ. Эрдэнэт үйлдвэрт 34 хувь, аймагт 33 хувь, иргэдэд 33 хувийг эзэмшүүлэх нь тус тогтоолын гол зарчим байв. Орхон аймагт 100 орчим мянган хүн амтай гэвэл нэг хүн жилд нэг сая төгрөг хүртэх боломжтой гэж үзэж байлаа.

Мөн "Дижитал Эрдэнэт" гэх томоохон ажлыг хөдөлгөх хүсэл Н.Алтанхуягт байсан. Гэвч хатуухан хэлэхэд, Н.Алтанхуягийн нэр орсон хуулийг ч, саналыг ч энэ парламент бодитой үр дүнд хүргэсэнгүй. Учир нь ажил хийж буй хүмүүс алдаагаа засаасай, ажлаа сайжруулаасай гэж хэлсэн санал бүр нь эрх баригчдад хүрэхдээ шүүмжлэл болон хувирч, санаачилга нь "гацсан" хэрэг. Гэсэн ч тэр зорилгоосоо үл ухарч, байр сууриа хамгаалсаар, "Үрэлгэн төсөв битгий хий" хэмээн шүүмжилсээр, сануулсаар байсан юм

Харин үүнийхээ шанд тойрогтоо хийх ажлынхаа төсвийг авч чадаагүй. Шүгэл үлээснийх нь хариуд тойргийг нь хоосон үлдээв. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн үгийг хаах гэсэн эрх баригчдын явцуу арга орон нутгийн хөгжлийг түргэтгэх, улмаар техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг хэдэнтээ хумьж орхив. Харин түүний "Дижитал Эрдэнэт" гэх санаачилга нэр, зүсээ хувиргасан ч Орхон аймагт ажил болж эхэлж буй нь сайн хэрэг.

Шударга ёс тогтоохын төлөөх тэмцлээ тэр найман жилийн өмнө Монголд "Шударга бусын хонгил" байгааг илчилж, зарласнаар эхэлсэн. Одоо ч шударга бустай дайтаж явна. Энэ удаагийн парламентад ажиллахдаа эл чиглэлийн хууль, тогтоомжуудыг өөрчлөх ажилд идэвхийлэн оролцлоо. Мөн сонгуулийг шударга явуулах, мөнгөний сонгууль болгохгүй байх, залууст боломж олгох, мөнгөгүй ч мэдлэг боловсролтой хүмүүст нэр дэвших боломжийг нээх талаар олон удаа санал хэлж, шүүмжилж, тэмцсэн боловч ганц дайчин ганцаардав.

УИХ 2023 онд "Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо"-г байгуулахад УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тус түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах санал өгсөн ч эрх баригчид чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураагаад унагаж орхисон нь түүнээс болгоомжилсон хэрэг. Сүүлийн дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа гурван сарыг нь тэр шүүх танхимд өнгөрөөлөө. Сүүлийн 10 гаруй жил МАНАН бүлэглэлийн хонгилтой тэмцэж яваа түүнийг УИХ-ын гишүүн болсны дараа ч шүүх танхимд суулгасаар байв. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийнх нь Засгийн газрын гаргасан бодлогын шийдвэрээр яллах гэж оролдсон ч анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруугүй гэж үзэн цагаатгасан юм.

Дундаж давхаргыг босгох нь түүний хүсэл билээ. Иргэд эх орноо орхин гардаг бус, эх орноо зорин ирдэг нийгэм болоод монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломж нөхцөл, орчин ахуйг бүрдүүлэх нь түүний дээд хүсэл. Ингэхийн тулд дундаж давхаргыг дэмжиж, бий болгох ёстойг байнга ярьдаг гишүүн билээ. Үүний төлөө бүх шатанд шударга зарчим үйлчилж, төсөв мөнгөө зөв бодлогоор захиран зарцуулах учиртайг онцгойлон тэмдэглэсээр ирэв.

Тэрбээр УИХ-ын чуулганы танхимд тоо баримтыг худал мэдээлж буйд шүүмжлэлтэй хандаж, Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгуулах санал гаргасан юм. Үр дүнд нь Монгол Улсын 2005-2021 оны эдийн засаг болон төсөв мөнгөтэй холбоотой тоо баримтыг нэг мөр болгожээ. Төсвийн хүндрэлийн гол шалтгаан нь эдийн засгийн өсөлтийн үед хуримтлал бага үүсгэж, хүнд үед зарлага нэмэгдэж байгаа тул мөчлөг сөрсөн зохистой бодлого хэрэгжүүлэх, сайн институцийг бүрдүүлэх нэн шаардлагатайг Ажлын хэсгийн дүгнэлтэд тэмдэглэсэн байв. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нь бодлогын асуудлыг хөндөж, “Ирээдүй өв сан"-г хэрхэн "цөлмөж" байгааг, "Төсвийн тогтворжуулалтын сан"-аар төсвийн цоорхойг нөхөж буйг шүүмжилж, байр сууриа илэрхийлсээр ирсэн.

Аливаа асуудал иргэдэд нээлттэй, ил тод байх ёстой гэсэн зарчимтай тэр УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулахыг тууштай дэмждэг. Хөгжлийн банктай холбоотой УИХ-ын сонсголд идэвхтэй оролцож, мөн шүүх хурлыг ч нээлттэй явуулах хүсэлтийг удаа дараа тавьсны хүчинд хоёр жил үргэлжилсэн шүүх хурал, ард түмний нүдэн дээр ил болсон юм. Тэрбээр УИХ-аар хэлэлцэж буй асуудал бүрд санал, шүүмж, гарц, гаргалааг байнга хэлж, шударга үнэний дуу хоолой болсоор ирлээ. Тиймээс ч энэ дөрвөн жилийн хугацаанд гадаад томилолтод огт яваагүй. Мөн Ардчилсан намын бүлэг шударга бусын эсрэг тэмцэж, бүлгийн гишүүд талбай дээр зургаан хоног өлсгөлөн зарласныг эс тооцвол хурлаа таслаагүй юм.

/ “Монгол Улсын Их Хурал 2020-2024 он” номоос/

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин