Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр /2024.10.17/ Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатотой 10 үе тулалдаж ялалт байгууллаа.

Уг тулаан нь аравдугаар сарын 9-нд товлогдож байсан ч цаг агаарын ноцтой үзэгдэл болж магадгүй учраас хойшилж орон нутгийн цагаар энэ сарын 16-нд  буюу  Монголын цагаар өнөөдөр /2024.10.17/  тулалдсан юм.

Э.Цэндбаатар нь 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн. Тэрбээр 28 насныхаа төрсөн өдрөөр ээлжит тулаанаа ийнхүү хийж ялалт байгууллаа.

Түүний өрсөлдөгч нь 27 настай бөгөөд 2018 онд мэргэжлийн бокст дебютээ хийж байв. Түүнээс хойш өнгөрсөн хугацаанд 16 ялж, ганцхан удаа ялагдал хүлээсэн байжээ. 

Э.Цэндбаатарын хувьд өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Пуэрто Рикогийн Алберто Меркадог техникийн нокаутаар буулгаж аваад байсан билээ.