“Гурван гал” эмнэлэгт лазер хагалгаанд орсон хүүхэд эмчилгээ авахгүй байсаар нас баржээ
2014/07/07
-“Гурван гал” эмнэлэгт хоолойн мах авахуулахаар лазер хагалгаанд орсон найман настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.-
"Гурван гал" эмнэлэгт 2014 оны зургаадугаар сарын 27-нд Ч.Батчулуун эмчээр ахлуулсан эмч нар 8 настай Ц-д хоолойн мах авах лазер хагалгаа хийжээ. Харамсалтай нь хүүхдийн бие сайжрах бус улам дордсон тул өнгөрсөн сарын 29-ны өдөр Эх нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвд хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэсээр энэ сарын 2-ны өдөр нас баржээ.
Уг хэргийг талаар “Гурван гал” эмнэлгийнхэн ямар ч тайлбар мэдээлэл хийхгүй байгаа юм. Харин МХЕГ-т энэ хэргийн талаар талийгаачийн ойрын хамаатан өргөдөл өгчээ. Энэ талаар тодруулахад, “Иргэнээс ирсэн өргөдлийн дагуу энэ хэргийг шалгаж байгаа. Шалгаж дууссаны дараа мэдээлэл өгнө. Одоо шалгаж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг хэлэв.
Тэгвэл энэ хэргийг МХЕГ-аас гадна БГД-ийн цагдаагийн газар шалгаж байгаа ажээ. Тэд энэ хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Талийгаачийн ар гэрийнхэн энэхүү хэргийн талаар мэдээлэл хийхээс эрс татгалзаж байгаа юм.
Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаачийн хоолойн махыг авах гэж байгаад ясыг нь ихээр гэмтээчихсэн аж. Өөрөөр хэлбэл хоолойн тэр хэсгийн яс нь нөхөн төлждөггүй бөгөөд бүх насаараа хоол унд идэхэд бэрхшээлтэй болдог юм байна.
Эмгэнэлтэй гэж хэлж болохоор өөр нэгэн баримт бол, “Гурван гал” эмнэлэгт энэ төрлийн хагалгаа хийлгэсэн 6 настай хүүхдийн биеийн байдал хүнд, сэхээнд байгаа ажээ.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа