Ардчилсан үзэл санаа, Монголоо шинэчлэх хүсэл эрмэлзэлээр нэгдэн нийлсэн нийт гишүүд, дэмжигчиддээ дэлгэр дэлхийд ганцхан цэнгэл Үндэсний их баяр наадам, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэндийг “Ардчилсан хүчний холбоо” ТББ-ын өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж байна.

Монгол түмэн их баяр наадмаа эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр, энх мэндийн ерөөл бэлгээр угтан тосдог уламжлалтай.

Ардчилсан үзэлтэй мянга мянган иргэдийн төлөөлөл болсон “Ардчилсан хүчний холбоо” ТББ ч мөн адил “Монголоо шинэчилье” уриан дор хийж бүтээх хүсэл тэмүүллээр жигүүрлэн эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцсон багагүй амжилттайгаар баяр наадмаа угтлаа.

Манай холбооны гишүүд дэмжигчид улам бүр нэмэгдэж, олон сонирхлын бүлгүүд шинээр мэндэлж, тэдний санаачилсан олон шинэчлэл төр түшилцэж байгаа эрхэм түшээдийнхээ дэмжлэгтэйгээр амьдрал дээр биеллээ олж байгааг дурдахад таатай байна.

Төрт ёс түүхэн уламжлалаа дээдлэн, өв соёл, зан заншлаараа ондоошрон, саруул Монголдоо дүүрэн сайхан наадаарай!

“Ардчилсан Хүчний холбоо” төрийн бус байгууллагын

Гүйцэтгэх захирал Тэрбишийн Энхсайхан