“Sale” зарлах уриалга
2013/01/30
2013 онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй, тэтгэврийг ч нэмэхгүй, ард иргэддээ 21 мянган төгрөгийн халамж үзүүлэхгүй. Энэ бол төр засгийн шийдвэр.
Харин тэд үүнийхээ оронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй, хазаарлана гэж амласан. Ингэснээр цалин, тэтгэвэр нэмэлгүйгээр иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ гэсэн.
Ингээд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэхгүй байхын тулд импортлогч болон үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд мөнгө олгож эхэлсэн. Үндсэндээ ард иргэдэд халамж нэрээр тарааж байсан 720 тэрбум төгрөгийг үйлдвэрлэлээ шинэчил, өргөтгө, нөөцөө төвлөрүүл гэж баялаг бүтээгчид буюу компаниудад тараасан. Ингэснээр бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулна гэж найдсан.
Гэтэл бодит амьдрал дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг захын хүн хэлж байгаа юм. Гурилын үнийг аваад үзэхэд, “Алтан тариа”-н дээд гурил кг нь 1000 төгрөг байна. Засгийн газрын тооцоогоор гурилын үнийг нь 550 төгрөгт барьж байгаа гээд зарлаад байдаг. Гурилын үнийг битгий нэмээрэй гээд гурилын үйлдвэрүүдэд 61 тэрбум төгрөг улсаас өгчихсөн шүү дээ.
Махны хувьд ч ялгаагүй. Үнийг нь тогтвортой байлгахын тулд 87 тэрбум төгрөгийг төсвөөс өгсөн. Гэтэл үхрийн мах 8300 төгрөгийн үнэ ханштай л байна. Хонины мах 7600 төгрөгийн үнэтэй. Харин албан мэдээнд үхрийн махыг 5700 төгрөг, хонины махыг 5200 төгрөгөөр нөөцийн мах худалдаалаад, махны үнийг тогтворжуулж байгаа гэсэн байх юм. Үнэндээ нөөцийн мах нь олдоц бага, чанар муу. Ийм байхад махны үнийг нөөцийн махаар тогтворжуулна гэдэг бэрх. Өнгөрсөн сартай харьцуулахад 20 орчим хувиар махны үнэ нэмэгдчихжээ. Цагаан, ногоон сар ирж байна. Бууз баншаа хийх, ууц тавих гээд махны эрэлт улам л нэмэгдэнэ. Энэ хэрээр үнэ нь дахиад л өснө. Залгуулаад хаврын тарчиг улирал айлчилна. Ялангуяа махны нийлүүлэлт хомсддог болохоор үнэ нь тэнгэрт хаддаг.
Бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах төр засгийн бодлого дорвитой хэрэгжихгүй л байна. Уг нь төрөөс үйлдвэрлэгчдээ дэмжээд байдаг, харин ард түмэнд энэ нь төдийлөн мэдэгдэхгүй байна.
Төр засгаас дэмжиж өгсөн хөнгөлөлттэй зээлийг авчихаад аж ахуйн нэгжүүд хямдралыг хиймээр байгаа юм. Монголоос бусад оронд баяр ёслолын үеэр бараа үйлчилгээ хямдардаг байхад манайд эсрэгээрээ байдаг. Тиймээс монгол түмнийхээ хамгийн том баярт бараа үйлчилгээнийхээ үнээ нэмэх биш, бараа бүтээгдэхүүнийхээ үнэд “sale” зарлаж, бэлэг барихыг уриалж байна. Тэгвэл хэн хэндээ тустай сан.
М.Бүүвэй