"Токио-2024"-гийн Их Дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
3 цагийн өмнө
Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болох бөгөөд тэмцээнд 47 орны 245 (эрэгтэй 140, эмэгтэй 105) тамирчин оролцохоо мэдүүлжээ. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 (эрэгтэй 9, эмэгтэй 11) тамирчин зодоглоно.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д А.Энхбаяр, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцоно.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Т.Анударь, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар өрсөлдөх юм. Монголын жүдо бөхийн насанд хүрэгчдийн тамирчид 2024 онд таван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн байна.
Тухайлбал, олимпын наадмаас 1 мөнгө медаль, ДАШТ-ээс 1 алт, 1 хүрэл медаль, Азийн АШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль, Их дуулгаас 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль, гранпри тэмцээнээс 2 хүрэл медаль хүртжээ.