Сүүлийн дөрвөн өдөрт нийтийн тээврийн автобусны үйлчилгээний талаар иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас танилцуулав.

Иргэдээс ирсэн гомдлыг шалгаж, нийтийн тээврийн автобусны таван жолоочийг тус бүр 25,000 төгрөгөөр торгожээ.

Эдгээр жолооч нь автобусны буудлаас хүнээ аваагүй, дамжин суух талаар асуусан иргэнийг "Би яаж мэддэг юм, Х.Нямбаатараасаа асуу" гээд зүй бус үг хэллэгээр доромжилсон, бэлэн мөнгө авсан, автобусыг бүтэн цаг шахам хүлээсэн тухайгаа хэлсэн иргэнийг "Битгий элийрээд бай балай авгай минь" гэж загнасан зэрэг зөрчлийг гаргасан нь камерын бичлэгээр тогтоогджээ.

Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэдийн санал хүсэлт, мэдээлэл маш чухал тул үнэн бодит мэдээлэл өгч, хамтран ажиллахыг тус газраас уриаллаа.