Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон нас дөнгөж сая барианд ирлээ.   Энэ жилийн хурдан соёолонгийн уралдаанд 250 орчим хурдан шандаст хүлэг 22 км-т уралдаж байна.

Соёолонгийн тоосоор Хүй долоон худгийн наадамчид сүлд хийморио сэргээхээр сэтгэл догдлон хүлээж байсан бөгөөд энэ жил 258 соёолон бүртгэгдсэнээс 18 үрээ шүдээр, гурван үрээ үүлдэрлэг байдлаар хасагдлаа.

Соёолонгийн уралдаанд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дэмчигцоодолын Эрболдын улс, бүсийн наадамд зургаан түрүү, айргийн эзэн Тэргүүн хонгор, өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд айрагдсан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Төмөрбаатарын Зулзүсэмийн сартай хонгор, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баттулгын Сүхбаатарын хоёр жил дараалан улсын наадамд айрагдаж байгаа Дүү хээр /Монгол хээрийн дүү/, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн төрийнхөө их баяр наадамд айрагдаж байсан хээр халтар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын дөрвөн бүсийн түрүү хээр зэрэг хурдан ажнайнууд мордсон байна.  

Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар соёолон  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн сартай зээрд,  айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Жадамбын Бат-Эрдэнийн ногоон, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн бор, айргийн тавд Дорнод аймгийн Баяндун сумын уяач Пүрэвдоржийн Цэгмидийн хул тус тус хурдаллаа.