Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын гурвын даваанд Дархан аварга  А.Сүхбат  Г.Өсөхбаярыг амлаж авсан ч барилдалгүй тахимаа өгсөн билээ.  энэ талаар түүнээс тодруулга авснаа хүргэж байна.

- Сайхан наадаж байна уу?

- Наадамчин олондоо баяр наадмын мэнд дэвшүүлье. Сайхан наадам болж байна.  

- Бороо хур тэгширсэн энэ жилийн сайхан наадмын өнгийг та шинжбэл?

- Миний хувьд тав хоногийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар найм дахь Дархан аварга цолоо гардаж авсан. Энэ бол 2004 оны миний амжилтыг үнэлсэн  үнэлгээ байгаа юм.  Баяр наадамдаа барилдаж, бөхийнхөө цол, төрийнхөө хүндлэлийг бодож ард түмэн, төрдөө хүндэтгэл үзүүлэн барилдаж цолоо дуудууллаа. Сайхан байна.

- Өнгөрсөн найман жилд таныг барилдаасай гэсэн хүлээлт их байсан?

- Би чинь найман жил барилдаагүй.  20 гаран жил хичээллээсэн болохоор зодог тайлахад бөхчүүдээ санах, зүлэг ногоон дэвжээгээ санах, барилдаанаа үргэлжлүүлэх юмсан гэх тохиолдол гарч байсан. Бараг өдөр бүр таксины жолооч, тааралдсан хүн бүр  “та барилдаач” гэсэн гуйлт, хүсэлтийг тавьдаг байсан.  Энэ бүхнийг бодож, билэгдлийг бодож барилдлаа. Үнэхээр сайхан байна.  

Монгол бөх маань эрэмбээ мэддэг, ах захаа мэддэг, хүндэлдэг бөхчүүд нь бөхөө сайан авч явах байх гэж боддог доо.  

- Дархан аварга Г.Өсөхбаярыг амлаж, барилдалгүй тахимаа өгсөнд  гайхах хүн олон байна.  Та яагаад тахимаа өгөв?

- Өнөөдөр би дүү Дархан аварга Г.Өсөхбаярыгаа амлаж авлаа.  Хүндэтгэл үзүүлээд тахимаа өгч явууллаа. Ийм л юм боллоо.

-Тодруулга өгсөн таньд баярлалаа.