Уяачид маань гоёл зүүсгэл, ангийн үсэн хантааз сэлтгээр гоён, үндэсний хувцсаа өмсөж, морио унан хотын төв талбай руу орж ирэн жагсаал хийв ээ.

Учир нь өвөл, хаврын морин уралдааныг Засгийн газрын тогтоолоор 2019 онд хориглосон. Үүнээс хойш зургаан жил албан ёсоор хавар морь уралдуулаагүй. Тиймээс сүүлийн жилүүдэд морины туслах ажилчид Өмнөд Монгол руу явж ажилладаг, унаач хүүхдүүд тэнд очиж хурдан морь унадаг болсон юм байх. Зах зээл хаана байна, тийшээ зорих нь зарчмын хувьд үнэн. Гэхдээ би бээр тэнд очиж өөрийн нүдээр хараагүй байна л даа.

Гол зүйл хаврын морин уралдааныг тойрсон энэ сэдэв улс орныг хамарсан томоохон хэлэлцүүлэг, хэрүүл маргааны бай болов. Аливаа сэдэв газар аван асахаараа гарт баригдахааргүй олон талт байр сууриудын талцал болон хувирч, түүн дээр нь элдэв хөндлөнгийн санаархлууд шургалан цучил нэмж, ойлголцлоос улам холдон оддог жамаар энэ явдал урсчихлаа. Зарим хэсэг нь ерөөс хурдан морины уралдаан нь монголын өв соёл биш гэж үзэж байхад, зарим нь Хүннү гүрэн байгуулагдсан үеэс л монголчууд хурдан морь уралдуулж эхэлсэн. Яагаад үндэсний өв соёлынхоо нэг том хэсгийг хайчилж хаяхаар улайрна вэ хэмээн сөрөв. Сүүлдээ уяачдаа геноцид хийдэг аймшигт хүмүүс болгон хувиргав. Хурдан морины нуруун дээр шувуу шиг хөнгөн унаач хүүхэд мордуулахын тулд тэд зориуд хэсэг бүлэг хүүхдүүдийг сонгон авч бараг мал шиг тэжээдэг, кока кола ундаагаар хооллон, алимны цуу, өөр бусад зориулалтын бусаар хэрэглэвэл хор болдог хүнсний хүчлүүдийг хоол унданд нь хийж өгдөг гэсэн цочирдом мэдээллүүдийг цацав. Айдас хүйдэс, үзэн ядалт улам дэврэв.

Ингэж болохгүй ээ, монголчууд аа. Бид бүх юмыг хэтрүүлж, хэлмэгдүүлэхийн улайсалд шатаж байна. Сүүлдээ хөндөж байгаа гол сэдэв хөлд нь үрэгдэн алга болтол хоёр талаас хэрэлдэв. Уяачид нь өвөл хаврын уралдаанаа ч ялгаж салгаж ойлгуулахгүй юм. Уралдаан л гээд байхаас хүүхдийн тухай огт ярихгүй юм. Гол асуудал хүүхдийн амь нас, хүүхдийн эрсдэл, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн тухай байтал өөрсдөө тойрч давхив.

“…Энэ бол өвлийн уралдаан биш. Хаврын тэргүүн сар гарснаас хойш уралдаж заншсан, нэг ёсондоо хаврын баяр юм. Бүтнээр нь өв соёл биш гэж үгүйсгэх боломжгүй шүү”… гээд сайхан налайж суугаад ярилцаж чадахгүй юм. Жишгийн хувьд дараагийн удаа үндэсний бөх бол манай Монголын юу ч биш гээд л үргэлжлүүлбэл бидний хайрладаг бүх ондоошил, өөрийн гэх олон зуунаар дамжиж ирсэн баяр цэнгэл бүгд хамрагдан дэвслэгдэх тийшээ даялахаар харагдлаа. Дундуур нь эрлийз морины бизнест зүтгэдэг зарим нь нөгөөдүүлээ самрах юм. Эв эеийн хувьд хуваагдмал гэдэг нь харагдана. Эрх ашгаа дагасан л хуваагдал шүү дээ. Уяачдын холбоо нь баахан хэрэлдээд, дотроо хагарсан юм билээ. Үр дүнд нь морины соёл гэх монгол айлын хоймор яригддаг сайхан ойлголт юу ч үгүй дэвслэгдлээ.

Энэ бол өвөл, хаврын морин уралдааныг Засгийн газар 2019 оны нэгдүгээр сарын 30-ны 57 дугаар тогтоолоор хориглосон явдлаас хойш зургаан жил үргэлжилж байгаа хэрүүл тэмцэл. Үнэндээ даамжирсаар үзэн ядалт, үгүйсгэл болон хувирч буй ч хэдэн уяачиддаа хорсоод гаргачихсан тогтоол биш юм. Маш олон учир шалтгаан, олон судалгаа, хуулийн зүйл заалт дээр үндэслэж ийм шийдвэрт хүрсэн.

Хамгийн гол зүйл, хүүхдэд учирч буй эрсдлийн асуудал. Шууд утгаар амь нас, эрүүл мэндийн эрсдэл. Дараагийн зүйл, морин уралдаан зөвхөн нэг өдөр болдоггүй. Нэг уралдаанд уралдахын тулд хүүхэд сунгаа, үсэргээнд явах зэргээр дунджаар 30 хоног зарцуулдаг гэж шинжээчид хэлж байгаа. Үүний ард хүүхдийн сурч боловсрох эрх хөндөгдөнө.

Удаахь зүйл, манай улс дэлхий дээр ганцаархнаа оршин тогтнодоггүй. Дотоодын хууль тогтоомжуудаас гадна олон улсын хэмжээнд мөрдөгддөг гэрээ, нэгдэж орсон конвенцууд бий. Хамгийн том конвенц болох НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод гэхэд Монгол Улс 1989 онд нэгдэн орсон. Ямар нэгэн конвенцод нэгдэн орсон улс орон тухайн конвенцын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Жишээлбэл, өвлийн морин уралдаантай холбоотойгоор олон улсын байгууллагуудын сануулгууд манай улсад ирдэг. “Өвлийн морин уралдаан бол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрт багтах аюултай хөдөлмөр. Үүнийг хориглох ёстой” гэсэн олон удаагийн зөвлөмж, сануулга ирсэн. Эдгээр шалтгааныг үндэслэж, өвлийн морин уралдааныг хориглосон.

Тухайлбал, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Конвенцийн шинжээчдийн хорооноос Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай Монгол Улсын Засгийн газарт хүсэлт ирүүлсэн. Түүндээ уралдааны морь унах нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд асар эрсдэлтэйгээс гадна онц ноцтой хөдөлмөр гэдгийг дурдаад, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдүүдийг унаачаар ажиллуулахгүй байх дээр дорвитой арга хэмжээ авахыг хүссэн байна. Үр хүүхдийнхээ асуудал дээр үл харагч царайлан суух ямар ч Төр үгүй. Тиймээс гаргасан шийдвэрээс нь болж хараан зүхэх, үгүйсгэн муйхарлах нь утга учиргүй явдал.

Яг газар дээр нь нүүр тулж ажилладаг хүүхдийн мэргэжилтэн юу ярьж буйг та бүхэн одоо анхааралтай уншина уу.

СХД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө ийнхүү ярьжээ.

“…Хүүхдийн эрх гэхээр зөвхөн нэг удаагийн уралдааны асуудлыг ярьж болохгүй. Тухайн уралдаанд оролцохын тулд морио тэжээх, сунгаанд явуулах гээд урт хугацаанд хүүхэд эсэн мэнд амьдрах, сурч боловсрох зэрэг нийгмийн бусад асуудлууд нь орхигддог. Эрх нь хаанаас эхэлж зөрчигддөг вэ гэвэл зөвхөн уралдааны явцаас харж болохгүй. Бүр өмнө нь хүүхдийг морь унуулахаар уяач нар эцэг, эхтэй нь гэрээ байгуулсан тэр цагаас л эхэлдэг. Хамгийн наад зах нь уяач нар унаач хүүхдийнхээ нэрийг ч мэддэггүй. Хүүхдийнх нь овог нэр хэн билээ гэхээр “Улаака Улаака” л гээд байдаг. Эсвэл “Борко чиний нэр хэн билээ” гэх байдлаар ханддаг. Харин морь малыг асуувал маш сайхан хариулна. Удам угшлаас эхлээд, ямар ямар тэжээл хэрэглэснийг нь мэдэж л байдаг. Таван нас ч хүрээгүй хүүхдэд долоон настай хүүхдийн төрсний гэрчилгээ бариулчихдаг. Бид олон жил хүүхэд хамгааллын чиглэлээр ажилласны хувьд хүүхдийн нас, биеийн онцлог ямар байдгийг сайн мэднэ. Ингээд хүүхдийн чинь нас хүрээгүй байна гэх асуудлыг хөндөхөөр маргаан үүсгэж эхэлдэг. Дараа нь гараанаас гарахад асуудал үүснэ. Өв соёл, уламжлал ярьж байгаа бол монгол морио уралдуулах хэрэгтэй. 2024 оны Үндэсний их баяр наадмын тоон мэдээллийг харвал, 220-230 морь бүртгүүлэхэд хасагдсаар байгаад 60 хүрэхгүй морь л уралдаж байсан шүү дээ. Монголчууд бид мэднэ. Монгол морь хүүхэд дээр гишгэдэггүй, хүн дайрдаггүй, намхан гэдэг утгаараа хүүхэд унахад тохиромжтой гэж ахмадууд ярьдаг. Тэгвэл эрлийз морь өндөр, хүүхэд гишгэсэн тохиолдлуудыг мэдээллүүдээс харж болно. Өвөл, хаврын цагт тэс хөлдүү газар хүүхэд унахдаа ихэвчлэн толгойны гэмтэл авдаг. Мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн 47 хувь нь толгойдоо гэмтэл авсан тооцоо байдаг. Үүний дараа мөр, тохойн гэмтэл орно. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал үүгээр дуусахгүй нь. Хүүхдийг хөнгөн байлгах үүднээс хоолыг нь хасах, хөлд нь бойтог гэхэд хэцүү зүйлс өмсгөөд скочоор ороогоод явуулсан уяач ч байдаг. Өвлийн хүйтэнд хүүхдийг гуталгүй явуулна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ…”

Мэргэжилтнүүд ийнхүү ярьж байна. Нийгэм сая яагаад уяачдыг, морины уралдааныг ингэтэл жигшин зэвүүцэв гэдэг одоо ойлгогдож байгаа байх. Зарим уяачид морь унуулах хүүхдээ сонгохдоо зориуд өнчин, эсвэл өрх толгойлсон, хүнд хэцүү амьдралтай ээжүүдийн хүүхдүүдийг их авдаг. Өрхийн орлогогүй, өдөр хоногийг арай ядан амь зогоож буй гэр бүлээс олон мянган хүүхдүүд унаач хүүхэд болдог нь үнэн. Энэ худлаа биш. Улсын хэмжээнд 11.700 унаач хүүхэд бүртгэлтэй байгаагийн 10 хувь буюу 1000 орчим нь л уяачийн өөрийн хүүхэд байна. Энэ статистик нийгмийн эгдүүцэж байгаа нэг шалтгаан мөн.

Нөгөө талаас уяачид хүүхдийг хүчээр морь унуулдаггүй. Мэдээж моринд татагдсан, өөрөө энэ орчноос хамаг аз жаргалаа олдог хүүхдүүд хэдэн мянгаараа бий. Ихэнх нь өөрсдөө моринд хайртайгаасаа болж унаач болдог. Мөн ээж аав нь зоддог, гэр бүлийн асар их дарамтад байдаг хүүхдүүд энэ амьдралаасаа зугтаж өөрсдөө ирэх нь олон. Хариуцлагагүй, өөрсдөө архины хамааралд орчихсон гэр бүлүүд энэ бүхний ард байдаг. Хүүхдээ уяачдын гал дагуулж хэдэн сараар туучихаад, өөрсдөө цалингаар нь архи авч уугаад, үнсэн дунд өнхрөлдөж байдаг. Ийм харанхуй нүхний амьдрал хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэх нэг том нөхцөл болж байна. Тэд бол хүүхдийн цусыг сорогчид. “Хүүхдийн мөнгө” дансанд нь ормогц өөрсдөө архиддаг, хүүхдээ мөлжиж амь зогоодог ийм ичгүүрээ барагсад Монголын нэг эмгэнэл болоод байна. Энэ бүх бохир амьдралаас иргэдээ салгамаар байна.

Эдгээр гажуудсан зүйлсээс болж хурдан морины уралдаан монголчуудын жигшин зэвүүцдэг зүйл болох ёсгүй. Бид аливааг учир ухагдахуунаар нь, олон талаас нь хардаг баймаар байна. Сүүлдээ юм болгоныг юу ч биш болгодог хийрхэлд живлээ.

Гэтэл дэлхийд морин уралдаан бүтэн жилийн нийт бооцооны дүн нь 100 гаруй тэрбум ам.доллараар яригддаг спорт болон хөгжсөн байна. Дэлхийн морин уралдааны шагналын нийт сан бараг дөрвөн тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа тухай саяхан уншсан. Мэргэжлийн хийгээд тусгай бэлтгэгдсэн, хурдны морь унах тусгай эрх бүхий унаачтай. Тэд нь насанд хүрсэн хүн байдаг юм байна. Тэр унаачдын жилийн цалин нь 120 гаруй сая төгрөгтэй тэнцдэг гэнэ. Гэтэл манайхны зарим маань уламжлалт морин уралдаанаа юу ч үгүй болгож хаях гэж хэтрүүлэн улайрцгааж байна.

Мэдээж бид морин уралдааны ертөнцдөө зарим өөрчлөлийг оруулж ирж, нэг хэсгийг нь өөрөөр хөгжүүлэх хэрэгтэй. Цаана чинь зарим газар хурдан тэмээгээ жижигхэн роботоор унуулдаг болчихсон байна.

Манайх морины соёлтой орон юм чинь морин тойруулгууд ч барьж, жуулчид сонирхохоор зорьдог, өөрийн гэсэн онцлогтой, сонирхолтой менежменттэй уралдааны хэлбэр лүү зарим хэсэг нь шилжих хэрэгтэй. Энэ чиглэлээр юм хийгээд явж байгаа залуучууд гараад ирсэн байна. Хурдан морины уралдаан маань “ЮНЕСКО”-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан байдаг болохоор бид зөв шинэчилж чадвал сайн сан. Одоо зөвхөн зун намар уламжлалт морин уралдаанаа явуулж байхаар боллоо. Гэхдээ зун хүүхэд мориноос унахгүй юу? гэж нэг хэсэг нь асууж байна. Хүүхдийн насыг нэмдэг, хуурамч бүртгэл элдэв янзын юм хэрэглэдэг, унаж бэртэхээр нь ядарсан ар талтай нь ярьж тохиролцдог зэрэг бүх бусармаг юм энэ орчинд байгаа нь үнэн.

Эцэст нь хэлэхэд хүүхдийн эрхийн зөрчил дээр монголчууд бидэн шиг талцан хэрэлдэж суудаг газар байхгүй шүү. Өнгөрсөн жил буюу 2024 онд 234 хүүхэд мориноос унаж бэртсэн бөгөөд тэднээс долоохон хүүхэд л эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлүүлсэн гэх мэдээллийг ХЭҮК-ын гишүүн Ж.Жунан хэлж байна. Энэ юу гэсэн үг вэ? Ачир дээрээ бусад нь хуулийн байгууллагад ханддаггүй л гэсэн үг шүү дээ. Үүний ард юу байгаа нь ойлгомжтой. Мөнөөх нь л хүүхдийн өмнөөс томчууд асуудлыг зохицуулдаг хүний эрхийн зөрчил байгаа шүү дээ.

Ийм зүйл дээр бид морио урдаа барьж дайрсаар байх уу. Сүүлдээ хүүхдийн эрх дээр сандайлж суугаад, хоорондоо салам хэрэлддэг орон боллоо шүү дээ.