Том төслүүд том мөрөөдөл үү, эсвэл...
4 цагийн өмнө
Олон улсад мега төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, нэг төсөлд ногдох санхүүжилтийн дүн сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа юм. Тэр ч утгаараа Монгол Улсын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт татах боломж өндөр байгааг судлаачид дүгнэжээ. “Зууны мэдээ” сонин хоёрдугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар” булангаараа томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх нь улс орны хөгжилд ямар ач холбогдолтой болохыг онцолж, 25 экспертийн байр суурийг хүргэж байна.
Асуулт:
-Засгийн газраас 14 том төслийг хэрэгжүүлэхээ зарлаж, эхнээсээ том төслүүдийг хөдөлгөж эхэлснээ мэдэгдсэн. Ер нь том төслүүдийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү: Том төслийн ач холбогдол цаглашгүй
Бүр түүхэн ач холбогдолтой. Хөгжлийн хурдны энэ XXI зууны Монголын имиж болох ёстой. Харин ч их хожуу эхлүүлж байна. Оройтсон ч одоо бүх эрчээрээ, бүх ард түмнээрээ энэ том төслүүд рүү уухайлан орох хэрэгтэй. Цаг алдаж цалгардаж, урсгалаар нь орхиж, ард түмэндээ итгэн хар зөнд нь орхиж болохгүй. Төр-засаг өнөөг хүртэл хийж хэрэгжүүлж чадаагүй, хий уриалахаас цаашгүй явж ирсэн ажилгүйдэл, ядуурал, хот-хөдөөгийн ялгаа, хөдөөгийн хоцрогдол, хотын их утаа, түгжрэлээ чухам мега төслүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд шийдвэрлэх ёстой. Тэр утгаар хөгжлийн зэвсэг гэж би харж байна. Ардчиллын 34 жилд Төр-засгаас ард иргэдтэйгээ тулж ажиллахгүй, халамжлах нэрээр ажилгүй, ядуу, ажлын чадваргүй болгосны тэр хохирлыг даруй нөхөхгүй бол бид ертөнцийн шившиг болоход тун ойртсон шүү. Энэ их ядуу, ядуугийн гол шалтгаан-ажлын чадваргүй, түүнээсээ болж худалдан авах чадваргүй, мөнгөгүй түг түмэн хүнээ яах вэ хэмээн би дандаа ам асуудаг. Тиймээс том төслүүд “МОНГОЛ ХҮН” рүү шууд чиглээсэй, тэднийг чадваржуулаасай, мөнгөтэй орлоготой болгоосой, амьдралд хайртай болгоосой гэсэн хөшүүрэг болгохыг уриалан дуудъя!
Ж.Дэлгэрсайхан СЭЗИС-ийн багш, эдийн засагч: Том төслүүдийн хэрэгжилтэд эрсдэл ихтэй гэдгийг хэлэх хэрэгтэй
-Засгийн газраас 14 мега төслийг зарлаж, тодорхой төслүүдийг хөдөлгөж эхэлж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой. Учир нь энд бидний олон жил хийхийг зорьж ирсэн болон хийх шаардлагатай дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүд багтсан. Гэхдээ эдгээрийг маш зөв төлөвлөж Монгол Улсын эдийн засагт үр ашигтай байдлыг сайн тооцож эрэмбэ дараатай хэрэгжүүлэхгүй бол эсрэгээрээ эрсдэл болж хувирч болзошгүй. Учир нь төслийн удирдлага, санхүүгийн загвар, хэрэгжилтийн хувьд мега төслүүд дээр алдаа гарах эрсдэл ихтэй гэдгийг бидний туршлага харуулж байна.Тиймээс бидний хувьд одоо эхлүүлж байгаа төслүүдийг хугацаанд нь чанартай дуусгах тал дээр төлөвлөлт, хяналт, хариуцлагыг онцгой анхаарах шаардлагатай. Тэгээд хэт өөдрөг төсөөлж бүгдийг зэрэг гэхгүйгээр үр ашигтай байдал нь бүрэн батлагдсан төслүүдийг зөв удирдлага, санхүүжилттэйгээр эрэмбэ дараатай хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхгүй бол өнөөгийн улс төр, засаглалын нөхцөл байдал, авлига буурахгүй байгаа нөхцөлд хэт их хэмжээний санхүүжилттэй томоохон төслүүдийг бөөнөөр эхлүүлэх нь эрсдэлтэй юм. Дахин хэлэхэд эдгээрт чухал төслүүд бий, хэрэгжүүлж чадвал эдийн засагт томоохон түлхэц болох боломжтой.
Эдийн засагч Р.Шинэгэрэл: Том төслүүдийг хөдөлгөх нь олон талын ач холбогдолтой
-Мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт дэвшил авчрах, эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, экспортын орлого нэмэгдэх боломж бүрдэх, шинэ технологи, инноваци нэвтрүүлэх, дэд бүтцийн хүртээмж сайжрах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон талын ач холбогдолтой. Гагцхүү тэдгээр төслүүдэд төрийн оролцоог аль болох хамгийн бага байлгах шаардлагатай байна. Хувийн хэвшил хийх боломжтой төслүүдийг зуун хувь тэднээр хийлгэх хэрэгтэй. Өнөөдрийн төрийн эдийн засгийн монопольчлолыг задлахад чиглүүлэх ёстой. Өнөөдөр засгийн газрын нэрлэж байгаа 14 төслийн дийлэнхийг нь хувийн хэвшил гадаад дотоодын хөрөнгө оруулалт татаад хийж гүйцэтгэх бүрэн боломжтой. Эдгээр төслүүдээс төр хэрэгжүүлж байгаа зарим нэг төсөл бараг арав дах жилдээ явж байгаа, анхны төсөвт өртөг нь маш ихээр нэмэгдсэн, тус төсөл амжилттай хэрэгжих эсэхэд олон нийт эргэлзсэн байдалтай байна. Төр засаг ийм алдаагаа дахин давтах шаардлагагүй.
Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Н.Сувд: Том төслүүдийг засгийн газар дэмжиж ажиллах нь зөв
-Мега төслүүдийг хэрэгжүүлснээр Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой. Бидний өдөр тутмын амьдралд Оюу толгойн төсөл орж ирснээр манай улсын эдийн засгийг хэдэн хувиар өсгөсөн билээ гэдгээ бид бодох л хэрэгтэй. Мөн 2007,2008 оноос хойш харагдаагүй эдийн засгийн өсөлт хөгжлийг авч ирсэн. Урд нь 14 мега төсөлтэй төстэй төслүүд олон яригддаг байсан. Эдгээр төслүүд нь хэр үр дүнтэй байхыг мэдэхгүй ч ажил хэрэг болгож яваасай гэж бодож байна. Оронагаас Засгийн газартай хийсэнтэй төстэй хоорондын гэрээ, төслүүдийг засгаас дэмжиж ажиллавал монголын эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж харж байгаа.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од: Томоохон төслүүдийг танхимд бүртгэлтэй хувийн хэвшлээр хэрэгжүүлэх хэрэгтэй
-Хамтарсан Засгийн газраас 149 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Үүнээс 14 мега төслийг 100 хувь улсын төсвөөр санхүүжүүлж хэрэгжүүлэх боломжгүй. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль баталж 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуулийн дагуу хувийн хэвшил буюу бизнесийн байгууллагууд гадаад, дотоодын Олон улсын санхүүжилтийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр хамтран босгож хэрэгжүүлэх боломжтой гэж МҮХАҮТ-ын зүгээс үзэж байгаа. Мэдээж эдгээр мега төслийн хувьд хамгийн гол асуудал дэд бүтцийн хөгжил буюу тээвэр ложистек, төмөр зам, бонд зэрэг болно. Үүнтэй холбоотой төслүүдийг эхний ээлжид хөдөлгөх ёстой. Ингэснээр байгалийн баялгийг олборлоод зогсохгүй баяжуулж нэмүү өртөг шингэсэн төслийг нэн түрүүнд явуулах нь зүйтэй. Мөн санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг харгалзах ёстой. Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад энэ оны эхнээс хэрэгжиж байна. Эдгээр холбоодыг бүртгэж төслүүдэд хамруулах ажил 1-2 сар гаруй хугацаанд үргэлжилж хугацаа алдахаар байна. Тиймээс эхний ээлжид мега төслүүдийг МҮХАҮТ-ын шугамаар хэрэгжүүлэх нь зөв.
“Эдийн засгийн форумын зөвлөл”-ийн тэргүүн Ч.Ганхуяг: Бөөрөлжүүтийн станцтай болсон туршлагыг 14 том төсөлд хэрэгжүүлэх ёстой
-Төр хувийн хэвшил хамтарч хэрэгжүүлсэн төсөл амжилттай явж буйд маргах хэрэггүй. Хамгийн наад зах нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц байна. Энэ практикийг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Төр бүгдийг хийхийн төлөө явдаг биш, хувийн хэвшилтэйгээ хамтраад бодлого зохицуулалтаар эрх зүйн орчныг нь бүрдүүлж явуулах санаа нь бол байна. АНУ-д хувийн хэвшлүүд нь сансарт пуужингаа нисгэж байна. Түүнчлэн Батлан хамгаалахын салбарыг тэр чигт нь хувийн хэвшил нь хамгаалж байна. Төр нь тусгай зөвшөөрөл, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөд хийлгэж байна. Энэ нь үр дүнтэй байна. Хүйтэн дайнд хувийн хэвшил нь ялаад гарч ирж байна гэдэг өөрөө энэ концепц нь зөв гэж ойлгогдож байна. Тэгвэл Монгол Улсыг хөгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого, хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төсөл яах аргагүй явах ёстой. Үүнийг гадаад, дотоодын хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэх ёстой. Мэдээж геополитекийн, эдийн засгийн асуудлыг судлах хэрэгтэй. Энэ асуудлыг улс төр нь дипломат аргаараа зохицуулах хэрэгтэй. Хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах нь гол асуудал. Улс төр, бизнес хоёр нь тус тусдаа л явах хэрэгтэй.
СЕО клубын ерөнхийлөгч Б.Гантулга: 14 гэх тоонд баригдаж төсвийн зардлыг замбараагүй нэмж болохгүй
-Монгол Улсад томоохон төслүүд хэрэгжээд явах ёстой. Ялангуяа төмөр зам, дулааны цахилгаан станцуудын төслүүд хэрэгжих нь зөв гэж хардаг. Харин 14 гэдэг тоо хаанаас гарч ирсэн бэ. Яагаад 9,10 биш 14 юм бол гэсэн асуулт байдаг. Монгол Улсын эдийн засгийг тэлэх, эдийн засгийг улам томруулах боломжтой мега төслүүд энд бий. Миний хувьд дэмждэг. Нөгөө талаас 14 гэсэн тоондоо баригдаад төсвийн зардлыг замбараагүй нэмж байгаа нь таалагдахгүй байна. Дэс дарааллын хувьд яагаад бага тооноос эхэлж болоогүй вэ. Мөн ач холбогдол, яаралтайгаар нь ангилаад эрэмбэлээд явах хэрэгтэй байсан болов уу. Мега төслийн 14 гэсэн тоонд л их учир байна гэж боддог.
Улаанбаатар худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: Төслийн эрэмбээ сайжруулж орчноо зөв болгох хэрэгтэй
-Хамтарсан засгийн үед томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь мэдээж зөв. Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд 14 төслийг нэг дор хэрэгжүүлээд явна гэдэг нь хүнд байх магадлалтай. Хөрөнгө оруулалт нь шийдэгдээгүй зарим төслүүд нь эхлээгүй гэх мэт дутуу ажлууд мөн байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлж чадвал эдийн засагт тэлэх боломж бүрдэнэ. Бодит боломж бололцоо талаас нь харахад тийм ч итгэлтэй биш байгаа. Мөн эрэмбэлээд эхний ээлжид эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх нь маш чухал. Яагаад хөдөө орон нутагт компаниуд үйлдвэрээ байгуулдаггүй вэ гэвэл найдвартай эрчим хүч байдаггүй. Тиймээс эдгээр төслүүд хэрэгжих ёстой. Харин төсвийн эх үүсвэртэй хөрөнгөөр хийж байгааг нь эдийн засагч хүний хувьд эсэргүүцэж байгаа.
ШУА-ийн жинхэнэ гишүүн, шинжлэх ухааны гавьяат ажилтан Ц.Нанзад: Маш зоримог алхам
-Монгол Улсын Засгийн газар 14 мега төслийг хөдөлгөж эхэлж байгаа нь маш сайшаалтай бөгөөд зоримог алхам. Улс орны эдийн засгийн хөдөлгөх хүч болсон үйлдвэрлэл бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь маш зүйтэй. Хиймэл дагуулын төсөл ирээдүйд их хэрэгтэй, даруйхан эхлэх хэрэгтэй төсөл гэж харсан. Сүүлийн үед өртөг өндөр гээд чимээгүй болчихлоо. Энэ хиймэл дагуулын үргэлжүүлж, үр дүнг нь хүртэж чадвал маш өгөөжтэй шинэ технологийн төсөл гэж ойлгож байна. Метроны эхний шугамыг барих ажлыг багагүй ярьж байсан. Монгол залуучууд Оюунтолгой төслийн 200км газар доорх бүтээн байгуулалтыг ганцхан жилийн дотор хийж чадсан. Тийм учраас метроны төслийн газар доорх бүтээн байгуулалтыг хэдэн сарын дотор ч дуусгах боломжтой.Мега төслүүдийг хөдөлгөж байгаагийн зэрэгцээ анхаарах асуудлууд ч бас бий. Ялангуяа Богд уулыг нүхэлсэн туннелийг барьж байгуулахдаа маш болгоомжтой байж, мэргэжлийн хандах хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Монгол Улсын гавъяат барилгачин, зөвлөх инженер О.Балдорж: Бага ярьж ихийг хийх нь чухал байна
-Аливаа бүтээн байгуулалт Монгол Улсын, Монголын ард иргэдийн хөгжил дэвшил сайн сайхны төлөө хэрэгжиж байвал энэ бол жинхэнэ “мега төсөл” болно. Төсөл их бага том жижигтээ биш ач холбогдолдоо байдаг. Засгийн газраас төлөвлөж байгаа 14 мега төсөл бүгдээрээ ач холбогдолтой. Өнөөдрийн манай улсын хөгжил дэвшил, ард түмний аж амьдралд маш чухал бүтээн байгуулалтууд. Маш их ярьж, хэтэрхий удаан хэлэлцэж байна. Дэндүү их бичиг цаас бүрдүүлж байна. Сүүлийн 35 жил ганц ч томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжсэнгүй. Хэрэв ард түмнээс асуугаад олонх ач холбогдол өгч дэмжсэнээр хэрэгждэг бол би 100 дахин дэмжиж байна. Хамгийн гол нь бага ярьж ихийг хийх нь чухал. Ач холбогдол нь Монгол Улсын тусгаар тогтнол бэхжиж, Монголын ард иргэд эх орондоо гачигдаж зовох зүйлгүй, сэтгэл амгалан тайван амьдрах үндэс суурь болно гэж бодож байна.
Хятад судлаач Б.Баатархүү: 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрнэ
-Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьсон эдгээр 14 мега төслийн эрэмбэлсэн байдал болон хэрэгжих хугацаа зэргээс харахад манай улсын эрчим хүчний аюулгүй байдал хангагдах зорилго биелэх нь тэргүүн зэргийн ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн эдгээр төслүүдээ бүрэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна гэж судлаачид үзсэн байсан. Шууд байдлаар хүртэх санхүү эдийн засгийн орлогоос гадна шууд бус нөлөөллүүд ч гэсэн их юм. Тухайлбал, Манай улсын зээлжих зэрэглэл эрс дээшилж, зээлийн хүү мэдэгдэхүйц буурна. Гадаадын хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж улмаар дэд бүтцийн холболтын тулгамдсан асуудал шийдвэрлэгдэнэ. Бидэнд нэн шаардлагатай байгаа уул уурхайн бус салбарын буюу шинжлэх ухаан, өндөр технологид оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж ингэснээр өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл, ногоон эдийн засгийн суурь бий болж эдийн засаг төрөлжинө. Дэлхийд өрсөлдөхүйц шилдэг хүний нөөц болсон залуус эх орондоо буцан ирэхийн зэрэгцээ тэднээр дамжин тэргүүлэх шинэ технологи нутагших зэрэг олон чухал ач холбогдолтой.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Э.Цэцэгсайхан: Нэг хүнд ногдох ДНБ нэмэгдэж байгаа нь хамгийн чухал
-Томоохон төслүүдийг хөдөлгөж байгаагийн хамгийн гол чухал ач холбогдол нь ерөөсөө л нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн юм. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжил ч үүгээр хэмжигддэг шүү дээ. Засгийн газраас мега төслүүдийг хөдөлгөж энэ дүнг 10 мянган ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Энэ бол хамгийн чухал. Үүнийгээ дагаад бидний цалингийн хэмжээ өснө. Эрүүл мэнд, боловсролын тогтолцоо сайжирна. Нийгэмд шийдлээ хүлээж буй олон асуудал шийдэгдэнэ гэж харж байна. Ер нь эдийн засгийн үндсэн суурь асуудал бол ядуурал шүү дээ. Томоохон төслүүд хэрэгжиж эхэлснээр нийгмийн суурь үзүүлэлт болсон дээр асуудлууд системтэйгээр шийдэгдэх нь байна гэж харж байна.
МУБИС, НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор /phd/ Ч.Энхбат: Монгол Улсын эдийн засагт өөрчлөлт авчирна гэж үзэж байна
-Засгийн газрын хэрэгжүүлэх гэж буй 14 мега төслийг харахад хууль эрх зүйн орчныг нь сайтар бүрдүүлээд өгчихвөл боломжийн үр дүнтэй харагдаж байна. Монгол Улсын хөгжил, монголчуудын амьдралын чанар дээшлэхэд нөлөөлөх том ажлуудыг хийх цаг болсон. Тиймээс эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж хөдөлгөж эхэлж байгааг иргэний хувьд дэмжиж байна.
Мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлж чадвал зах зээлийн харилцаанд чухал ач холбогдолтой төдийгүй гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр улсын эдийн засагт өөрчлөлт авчирна гэж үзэж байна. Тухайлбал, дэд бүтцийг сайжруулснаар боомтуудын хүчин чадал нэмэгдээд зогсохгүй уул уурхай болоод эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг хурдасгах зэрэг чухал ач холбогдолтой юм.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Бусад улс орнуудтай хамтарвал бидний тусгаар тогтнол бэхждэг
-Хэрэв өнөөдөр хамтарсан буюу эвслийн Засгийн газар байгуулагдаагүй бол энэ том төслүүд, нийгэмд чиглэсэн зарим чухал асуудлууд шийдэгдэж чадахгүй байсан. Магадгүй эрх баригч нам, сөрөг хүчин гээд хоёр талд гарч улстөржсөөр, өмнөхийн адил намрын чуулган өндөрлөх байсан. Харин намууд Засгийн газарт хамтарч орсноор олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байсан олон чухал асуудал намрын чуулганаар буюу харьцангуй богино хугацаанд шийдэгдлээ. Тухайлбал, ураны төсөл байна. АН-ын хувьд ямар ч тохиолдолд баялгаа зөв ашиглах ёстой, иргэд орлоготой байх ёстой, улс орны хөгжил эдийн засгийн хөгжлөө дагаж явдаг шүү гэсэн үзэл баримтлалтай явж ирсэн. Энэ үзэл баримтлалынхаа хүрээнд манай нам Засгийн газарт орж ажилласны хүчээр эхнээсээ том төслүүд шийдэгдэж байна.
“Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн М.Болормаа: Иргэдээ зөв мэдээллээр хангаж байвал ажил урагшилна
-Мега төслүүдийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө өгч болно. Гэхдээ тухайн төслүүдийн ТЭЗҮ нь иргэдэд нээлттэй биш байна. Түүнчлэн 14 Мега төслийг олон улсын байгууллагууд хэрхэн сонирхож байгаа болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэх зэрэг мэдээлэл бүүр хаалттай байна. Иргэд олон нийтийн өнөөгийн байгаа амьдрал ахуйд ямар өөрчлөлт гарах зэрэг мэдээллүүд нь ил тод бус байгаа нь эргэлзээ, айдас, хардлага төрүүлж байгаа юм. Уг нь хийх гэж буй ажлаа олон нийтэд ойлгомжтой, мэргэжлийн хүмүүсээр, судлаач, эрдэмтдээр яриулж таниулж иргэдээ зөв мэдээллээр хангаж байвал ажил урагшилна. Энэхүү 14 төсөл нь эдийн засгаас гадна нийгэм, боловсрол эрүүл мэнд гээд хүний эрх, хүний хөгжилд илүү нөлөөтэй хүртээмжтэй байх ёстой гэж бодож байна. Засгийн газар авлигатай тэмцэж байгаа гэж ярьдаг. Тэгвэл эдгээр төслүүд нь гараанаас гарч эхлэхэд авилгаас ангид байх, хэрэгжилт нь нээлттэй байх зэрэг зарчмуудыг танилцуулах ёстой.
Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд: Эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ, төлөвлөгөө нь харагдахгүй байна
-Өдийг хүртэлх манай Засгийн газрууд голчлон гал унтраах, тэсэж тогтох гэсэн зарчимтай байсан. Харин энэ Засгийн газрын зорьж буй 14 мега төсөл зоригтой алсыг харсан, чухал төслүүд. Ялангуяа эрчим хүчний дөрөв, дэд бүтцийн хоёр, хүнд үйлдвэрийн тав, технологийн нэг, энэ төслүүд маш чухал. Манайдаа л мега гэгдэж буй болохоос том эдийн засагтай оронд бол байдаг л төсөл, уг нь. Гэхдээ анхаарах ч юм байна. Эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ болон төлөвлөгөө нь харагдахгүй байна. 25-28 онуудад богино хугацаанд хэрэгжүүлнэ гээд байгаа. Санхүүгийн болон ажиллах хүчний чадамж хэр байгаа юм бол. Нефтийн төсөл шиг цаг, хөрөнгө хий урсгасан гацаа болчих вий. Манай улс төрийн тогтворгүй байдал нь том төслүүдийг амжилттай хэрэгжихэд ямагт саад болдог. Үүнийг зохицуулах хэрэгтэй. Харин Ураны төсөлд маш их эргэлзэж буй. Ганц технологийн ч асуудал биш, гэрээний тодорхой зүйл заалтууд болон геополитикийн хувьд ноцтой юмс бий. Эргэж хараасай, яарвал даарна гэдэг дээ. Энд зөвхөн эдийн засгийн төслүүд бий. Боловсрол, соёл, оюун санааны хүрээнд ч мега төслийн шаардлага бий шүү.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр: Ямар төслийг эхний ээлжид хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг маш чухал
-Том ба дунд хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэх нь эдийн засгийг төрөлжүүлэх, өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой. Гэхдээ анхаарал асуудал олон байдаг.
Төслийг хэрэгжүүлэх зохистой хөрөнгийн эх үүсвэр, ажиллах хүч, зохих технологи байгаа эсэхийг зөв тооцоолох ёстой. Тэгэхээр ач холбогдлын дарааллыг зөв тогтоож чадаагүйн улмаас өнгөрсөн 20 гаруй жилд олон төслийн хэрэгжилт удааширч өртөг нь нэмэгдсэн. Бүхий л төслийг ойрын 4-5 жилд хэрэгжүүлж эхэлнэ гэж зүтгэх нь бодлогогүй, алдаатай шийдвэр болно. Иймээс хөрөнгө, хүн хүч, технологийн боломж, гадаад эдийн засгийн орчин нөхцөл, эрсдэлийг тооцож зайлшгүй зөв эрэмбэлэх шаардлагатай. Ямар төслийг эхний ээлжид зайлшгүй хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг маш чухал. Хэрэв гадаад эдийн засгийн орчин өөрчлөгдөж, экспортын орлого хумигдах, ам.долларын ханш огцом чангарах зэрэг өөрчлөлт гарвал хэрэгжүүлэх төслүүд нь сунжрах, өртөг нэмэгдэх, бүр амжилтгүй болох ч эрсдэл байгааг онцгой анхаарах ёстой!
МУИС-ийн УТОУХНУС-ийн багш, дэд профессор Ж.Баттөр: Бүтээн байгуулалтыг хүнтэйгээ хөгжүүлсэн улс амжилтад хүрдэг
-Манай улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэдгээ зарлалаа. Гэхдээ яагаад ч юм надад итгэл найдвар бага байна. Улс орнууд том мега төслүүдийг хэрэгжүүлдэг. Гэхдээ зарим нь үр дүнд хүрдэг, зарим нь дампуурдаг. Алжир ч юм уу Африкийн зарим орон мега том төслүүдийг хэрэгжүүлэх гэж үзсэн, ихэнх нь дампуурсан. Гэтэл Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсуудын мега төслүүд яагаад амжилтад хүрсэн бэ гэхээр хүнээ давхар хөгжүүлж чадсан. Хүний хөгжил, иргэдийн боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчин зэргээ хамт хөгжүүлэхгүй зөвхөн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн төслүүд тэр болгон үр дүнд хүрдэггүй нь харагддаг. Манайхан Хятад, Солонгосын хөгжлийг зөвхөн байшин барилга, гүүр, бүтээн байгуулалтаар харж ойлгодог. Хүний хөгжил эдийн засгийн хөгжлийг цуг авч явсан улс амжилтад хүрдэг. Хятадууд гэхэд боловсролын салбараа их анхаарсан, их сургуулийн том баазууд бий болгосон. Батлан хамгаалахын төслүүд ч хэрэгжүүлсэн гээд үзэхээр бүх салбараа хамтад нь хөгжүүлж байж үр дүнд хүрч байна.
Зохиолч, шог зураач А.Амарсайхан: Хэдий болтол бусдаас хараат амьдрах вэ, өөрсдөө бүтээж босгоё
-Монголчууд аливааг харлуулахын өвчин туссан байна. Хэн нэг нь нэг сайхан үйлдвэр барьчихлаа гэхэд “Өө наадах чинь тэндээс хуулсан хог байхгүй юу. Ар талд нь гадаадын луйварчин байгаа” гээд л хэрэлдээд харлуулаад эхэлдэг. Энэ “Мега төслүүд” гээд хүн болгон муу хэлээд, хэзээ ч бүтэхгүй гэж орилолдоод байгаа ажлуудаа бид өөрсдөө хийх ёстой. Ямар муухай хэл ам, хэрүүл тэмцэл болж байлаа ч босгох л ёстой гэж би боддог. Ямар ч гэсэн эхэлж байгаа нь зөв. Бид өмнөх 70 жилд барьсан ганц Эрдэнэтээрээ хэдий болтол тэжээлгэх вэ. 30 жил хэрэлдлээ, одоо бүтээж босгож эхлэх ёстой. Харин хэнтэй хамтрах, үндэсний ямар компаниа оруулах вэ гэдэг дээрээ маапаангүй сонголт хийх ёстой.
“АмЧам Монгол”-ын гүйцэтгэх захирал О.Адъяа: Мэдээллийг нээлттэй, ил тод өгөх хэрэгтэй байгаа юм
-Хамтарсан Засгийн газар томоохон бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх тухай зарласан. 14 мега төслийг нарийвчлан харвал ерөнхийдөө салбар салбарын төслүүд байна. Энэ дунд сэргээгдэх эрчим хүчний 2, 3 төсөл байна. Тэгэхээр хамгийн гол нь дэд бүтцийн төслүүдээ эхлүүлж ашиглалтад оруулахаар зорьж байгаа нь сайн хэрэг. Тухайлбал, Гашуун сухайт ганц мод боомтыг сумдтай холбосон төмөр замын төсөл болоод “Бадрах энержи”-гийн хэрэгжүүлэх ураны төсөл барианаас гарч байна л даа. Мэдээж Засгийн газар эдгээр төслийг хэрэгжүүлнэ гэвэл асар их хэмжээний санхүүгийн нөөц эх үүсвэр шаардана. Түүнээс гадна төр эдгээр төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшилтэй хамтрах эс хамтрахаа маш тодорхой болгох хэрэгтэй. Мэдээж цаасан дээр үлдэх бичиг төдий биш гэсэн үг. Нөгөө талаас том төслүүдээ хэрэгжүүлэхдээ олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлээс хэдий хэмжээний хөрөнгө босгох гэж байгаа вэ гэх мэт мэдээллийг нээлттэй, ил тод өгөх хэрэгтэй байгаа юм.
Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Б.Амгалан: Том төслүүдийг дагаж, жижиг бизнесүүд хөгжинө
-Томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа тэлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалт нэн чухал байна. Түүнээс биш бид өөрийн улсын төсвийн мөнгөөр том төсөл хэрэгжүүлнэ гэдэг маш хязгаарлагдмал шүү дээ. Ер нь том төсөл хэрэгжсэнээр олон давуу талтай. Ажлын байр нэмэгдэж, үүнийгээ дагаад нийгмийн шийдэгдэж чадахгүй байгаа олон асуудал шийдэгдэнэ гэж харж байна. Эдийн засаг тэлж, сав нь томорно. Дотоодын үйлдвэрлэл үйлчилгээний салбарууд ч хөгжих боломжтой. Том төслүүдийг дагаж, жижиг бизнесүүд бойжиж, хөгжинө гэдэг нь хамгийн том давуу тал шүү дээ. Тэгэхээр аливаа бүтээн байгуулалтын ажил эхэндээ маш их хөрөнгө шаардлагатай байдгийг санаж, төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх нь чухал юм.
Замын дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ч.Цог-Эрдэнэ: Тоглоомын дүрэм тодохой байх ёстой
-Манай улс уул уурхайн түүхий эдээс хамааралтай эдийн засагтай. Тиймээс том төслүүдээ гараанаас гаргаж эхлүүлэх нь зүйтэй л дээ. Үүнийг дагаад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хөгжих, өргөжих боломж бүрдэнэ. Хамгийн гол том төслүүдээ хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн гарцыг тодорхойлох нь зүйтэй. Энэ төслүүдэд хувийн хэвшил болоод гаднын хөрөнгө оруулагчид хэрхэн оролцох вэ гэдэг тоглоомын дүрэм тодорхой байх ёстой. Мөн бодит ажил хэрэг болоход бизнесийн орчинд тулгамдсан нэн ялангуяа төрөөс шалтгаалсан саад байж болохгүй гэж хардаг.
Нөгөөтээгүүр төр хувийн хэвшлээ дэмжиж байгаа гэдгээ харуулахын тэдний сонирхлыг татахуйц төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Зөвхөн нэг талаас тулгасан байдлаар тоглоомын дүрмийг зохиож болохгүй гэсэн үг л дээ.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн менежер А.Ариунаа: Санхүүжилт, менежментийн оновчтой бодлого хэрэгтэй
-Мега төслүүдийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Томоохон төслүүдийн хэрэгжилтээр аж үйлдвэржилт хурдасч, экспортын орлого нэмэгдэж, эдийн засаг олон тулгууртай болох боломж бүрдэнэ. Мөн дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, боловсруулах үйлдвэр зэрэг салбаруудын хөгжил эрчимжиж, бизнесийн орчин сайжирна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт татах, импортоос хамаарах байдлыг бууруулах давуу талтай. Гэхдээ эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд санхүүжилт, менежментийн оновчтой бодлого хэрэгтэй. Ил тод байдал, хариуцлагатай байдал чухал бөгөөд төслийн өгөөжийг иргэд, нийгэмд хүртээмжтэй хүргэх нь Засгийн газрын гол үүрэг байх ёстой.
Улс төрийн аналитикч М.Гал-Арив: Том төсөл том эрсдэл дагуулдаг
-Монгол төгрөгийн ханш жил ирэх бүр унаж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Үүнийг зогсоохын тулд валютын нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Иймээс хоёр хөрш болон бусад орны хөрөнгө оруулалтыг татаж, томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх явдал бол яах аргагүй цаг үеийн шаардлага. Гэхдээ төсөл том эрсдэл дагуулдаг. Иймээс аливаа төсөл судалгааны үе шатанд байхаас эхлээд л хяналт, хариуцлага, хамгийн гол нь зөв төлөвлөлт чухал гэдгийг анхаарах нь зүйтэй. Мөн хамгийн чухал нь бодит үр дүнд хүрэх. Ер нь төсөл хэрэгжихгүйгээр манай улсын төсөв яагаад ч тэлэхгүй, иргэдийн амьдрал дээшлэхгүй нь бодит үнэн юм.
Оксфордын их сургуулийн докторант Г.Мөнх-Эрдэнэ: Том төсөл улстөрчдийн тоглоом болоод дуусах вий
-Энэ яриад байгаа 14 төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэхгүй байна. Учир нь олон төсөл бүтэлгүйтсэн л туршлагатай. Гол шалтгаан нь мега төсөл гэгч өөрөө тун төвөгтэй зүйл байтал манай улс төрчид хэдхэн жилд хэрэгжүүлнэ зэргээр өөртөө оноо авах, сонгуулийн амлалт болгох маягаар ханддагт байгаа юм. Тэдний хувьд яг мега төслөө хэрэгжүүлэх нь биш хэрэгжүүлнэ гэж сонгогчоо хуурах, санал авах улмаар ажлын хэсэг зэргийг байгуулж хүнээ шургуулах, болбол бараа, үйлчилгээ нийлүүлж, мөнгө олох л хэрэгсэл байлгах нь чухал байдаг. АНУ зэрэг улсад ч мега төсөл улстөрчдийн тоглоом байх нь түгээмэл. Жишээ нь, Мексикийн хил дээр босгосон хана гэх мэт. Тиймээс дээрх 14 төсөл улстөрчдийн тоглоом болоод л дуусдаг бусад төслийн хувь тавиланг давтах магадлалтай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 4 цагийн өмнө
XUSNEER SHAALGN80955877
Зочин · 4 цагийн өмнө
SEXSDI80955877ANUSDN XUCHINDUULI