Дэлхий нийтийн бүсгүйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Монголд хэдэн зуугаар эрүүлжүүлэгдэж байна
8 цагийн өмнө
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8ны баяр саяхан болж өнгөрлөө. Уг баярын өдрөөр дэлхийн олон орны бүсгүйчүүд эрхийнхээ төлөө нийтээрээ жагсаж эсэргүүцлээ илэрхийлэв.
Тухайлбал, Франц, Итали, Бельги зэрэг Европын орнуудад нийгмийг бүхэлд нь хамарсан эмэгтэйчүүдийн том жагсаал болсон. Ром хотод гэхэд олон мянган эмэгтэйчүүд жендерт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэж жагссан. Парист мөн л хүчирхийлэл, дээрээс нь хүйсийн цалингийн зөрүү улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулж жагссан. Грекийн нийслэл Афинд ялгаварлан гадуурхалт тэгш бус байдлыг эсэргүүцсэн. Бельгийн бүсгүйчүүд үр хөндөлтийн эсрэг ялангуяа АНУд энэ эрхийг хааж байгаа бол Европт хэзээ нэгэн цагт хэлэлцэнэ. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй хэмээн эсэргүүцсэн.
Лалын шашинтай Туркэд охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд “Эмэгтэй хүнийг зөвхөн уламжлалт эхнэр, ээж байх үүрэгтэй гэж сурталчилж байгаа”-г эсэргүүцэж жагссан. Эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зорилго бүхий Истанбулын конвенцоос Засгийн газар гарах шийдвэр гаргасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж ийнхүү охид эмэгтэйчүүд нь эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэсэн байна. Дэлхийн улс орнууд ийнхүү эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэл, тэгш бус байдлын төлөө нийтээрээ жагсаж уриа лоозон болон тэмцэж байхад Монголын бүсгүйчүүд хэдэн зуугаараа эрүүлжүүлэгдсэн гэх мэдээтэй эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэлээ.
Монгол Улс охид бүсгүйчүүддээ ээлтэй, эмэгтэйчүүдийн эрх бүрэн хангагдсан тийм орон мөн үү. Үгүй шүү дээ. Харин ч эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг, насанд хүрээгүй охидын хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, аллага газар авсан аюултай улс. Иргэдээ хамгаалах ёстой төрийн цагдаа нь хүртэл бүлэглэж насанд хүрээгүй охиныг хүчирхийлдэг ийм харгис орон. Төрсөн эцэг нь нялх охиноо хүчирхийлсэн, эхнэрээ хардаж сэрдэж онц хэрцгийгээр зодож алсан, бага насны охидыг хүчирхийлж мөчилж алаад булсан зэрэг нийгмийг жигшилд автуулсан, цочроосон олон ноцтой хэргийг бид мэднэ.
Орон гэртээ агсам согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд Зөрчлийн хуулиар баривчлагдсан нөхөд “Намайг дуудлага өгч энд хориуллаа. Эндээс гараад авгайгаа ална” гэж бүгд заналхийлсэн, өширхсөн байдалтай байгааг манай сонин сурвалжилж гаргасан. Монголын эмэгтэйчүүд ямар дарамтад байгааг, тэдний эрх хэрхэн зөрчигдөж байгааг ганц нэгхэн жишээгээр өнгөцхөн дурдахад бодит амьдрал дээр ийм байгаа. Дээрээс нь эмэгтэйчүүдийн ялангуяа бага насны охидын сурч боловсрох байдал ямар байгаа билээ. Мөн аймаг сумдын дотуур байрны нөхцөл байдал ямар байгаа билээ.
Дотуур байр хэмээх “боловсон шорон”д хэчнээн олон хүүхэд хүчирхийлэлд автаж, бузарлагдаж эцэст нь амиа хорлосон харамсалтай, гашуудалтай жишээ олон бий. Энэ бүгдийн хажуугаар охидын цахим гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлт гээд бас аюултай жишээ, харамсмаар явдал байна. Мөн насанд хүрээгүй хүүхдийг малд явуулдгаас аваад хүнд хүчир хөдөлмөр эрхлэлт гээд охидын эрхийн тусдаа том сэдэв яригдана. Асуудал ийм хурцадмал хэмжээнд байтал бүх зүйл сайн сайхан юм шиг нийтээрээ баярлалдаж, нийгэм тэр чигтээ хөөрлийн байдалтай эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэлээ. Мэдээж баярлалгүй яахав. Гэхдээ энэ өдөр ууж наргиж, цэнгэхээс илүү эрхийнхээ төлөө тэмцдэг, нийгэмд үгээ хэлдэг, дуу хоолойгоо хүргэдэг баймаар байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг, охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалсан олон байгууллага, энэ чигийн хуульчид, судлаачид, хүний эрхийн байгууллагууд эмэгтэйчүүдийн эрхийн тухай ярьдаг, нийгмийг сэрээдэг, айхтар айхтар жишээ баримтуудыг энэ өдөр дэлгэдэг, хохирогчид болоод тэдний ар гэрийнхний дуу хоолойг нийгэмд хүргэдэг, энэ чигийн үйл ажиллагааг явуулдаг байх хэрэгтэй байна. Түүнээс охид хүүхнүүддээ жигтэйхэн сайн хүмүүс болж ганц годгор сарнайгаар хуураад өнгөрнө гэвэл дэндүү хөөрхийлөлтэй. Охид хүүхнүүд, эмэгтэйчүүд ч өөрсдөө энэ өдөр эрхийнхээ төлөө тэмцдэг, дэлхийн улс орны хүүхнүүд ямар санаа бодолтой байгааг анзаардаг, мэдэрдэг байх цаг нь болжээ.
Охид хүүхнүүд маань хэрсүү байх хэрэгтэй болжээ. Өнөөдөр Монголд үнийн өсөлт, татварын дарамт ямар байгаа билээ. Үнэнийг хэлэхэд амьдрах нөхцөлгүй байгаа шүү дээ. Бусад орон манайх шиг байсан бол хүүхнүүд нь юун баярлах, бидэнд амьдрах нөхцөл алга гээд нийтээрээ эсэргүүцээд гараад ирнэ.
Бусад орны жишгээр үнийн өсөлтөд бид сөхөрлөө гээд хүүхнүүд маань баярын өдрөө жагссан бол, татварын дарамт, эдийн засгийн нөхцөл байдал аж ахуйн нэгжүүдийг дампууруулахад хүргэж байна гээд энэ олон компанийн төлөөлөл болсон хүүхнүүд төв талбайдаа гараад ирэхэд нийгэм, засаг төр, биднийг удирдаж байгаа хүмүүс эрхбиш сэртэсхийнэ биз дээ.
Гэвч хэн ч, юу ч хэлэхгүй, харин ч баярлаж хөөрцгөөж, нийгмийн хөөрөлд автаж байгаа нь өөрийн эрхгүй харамсал халаглал төрүүлж байна.Хэдэн жилийн өмнө эмэгтэйчүүдийн нүцгэн жагсаал болж байсан. Та бүхэн санаж байгаа бол “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас худалдаачдыг дэмжих хэрэгтэй, ээжүүд бидэнд баярлах шалтгаан алга гээд нүцгэн жагсаал хийж байсан. Тэгтэл сүүлийн хэдэн жил хэн ч энэ баяраар үгээ хэлсэнгүй.
Эрх баригчид аль болохоор ард иргэдийн дуу хоолойг боомилж, эсэргүүцэл үзүүлэхийг болиулж байна. Ардчиллын үндсэн зарчим ардчилсан Монгол Улсад алдагдаж байгаа. Ямар нэгэн байдлаар иргэдийг архидуулах, баярлуулах, зүгээр хөөсрөлд автуулах зүйлийг бодлогоор хийж байна. Үндсэндээ ядуу гуйлгачин байлгаад баярын үеэр тав арван төгрөг өгөх юм уу, эдийн засгийн жаахан хөшүүрэг бий болгоод нийгмийг мартагнуулах тийм зүйлийг эрх баригчид хийж байна. Эмэгтэйчүүдийн баяраар ганц годгор сарнайгаар хүүхнүүдийн амыг хааж, аль ч ресторанд оронгуут үнэгүй дарс, виногоор дайлж ууж идүүлэх, мансууруулах тийм зорилгыг эрхэмлэж байна.
Өмнө нь УИХын эмэгтэй гишүүд эмэгтэйчүүдийн эрхийн тухай энэ өдөр ярьдаг байсан. Эмэгтэйчүүдийн эрхийн талаарх тайлан хэлэлцдэг байсан. Наад захын жишээ гэхэд л ажлын байрны бэлгийн дарамт гээд ярьдаг байсан. Гэтэл урьд өмнөхөөсөө олон эмэгтэй гишүүнтэй хэрнээ төр засгийн зүгээс эмэгтэйчүүдийн эрхийн тухай хэн ч, юу ч ярьсангүй өнгөрлөө. НҮБын эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцод манай улс 1981 онд элссэн. Уг конвенцыг хэрэгжүүлэх зорилгоор хийсэн ажлын тайлангаа гишүүн орон нь дөрвөн жил тутамд нэг удаа НҮБын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлж эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хороогоор нь хэлэлцүүлэх үүрэгтэй.
Гэтэл эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа талаарх цогц судалгааг сүүлийн 10 гаруй жилд хийгээгүй гэх албан мэдээлэл бий. Энэ бүгдийг ярьж,нийгмээрээ тэмцэж дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй байлаа.
Д.Батболд
зочин · 23 минутын өмнө
бичсэн сэтгэгдэл яагаад устгаад байгаа юм бол
Ганбаа · 29 минутын өмнө
Тийм ээ сүүлийн үед янз бүрийн байдлаар охид эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж л байна гэвч энэ жил УИХ маш олон эмэгтэй сонгогдсон нэг ч хүн олон улсын эрхийг хамгаалах өдөр дуугарсангүй гэхдээ манай эмэгтэйчүүд дунд манлайлагч бүсгүйчүүд зөндөө л байгаа сайны хажуугаар саар гэдэг шиг эрхээ хамгаалах өдрийг архи,вино эргүүлэх нь их болж дээ уул нь уул нь хурал цуглаан үг хэлэх эрх чөлөөгөө баталгаажуулах тэмдэглэлт өдөр баймаар юм манайхан ер нь л баяр ёлол гэхээр нүдээ ухаад өгөх нь холгүй тэмдэглэж ууж иддэг ээ болимоор юм 3-р сарын 18ны өдөр ч ялгаагүй хилийн цэрэг,батлан хамгалахын хамаатай хүмүүс нь тэмдэглэн өнгөрүүлж байвал зүгээр юм нэг л их цэргийн баяр гэж хөөрсөн цэрэгт яваагүй эр,эм нь мэдэгдэхгүй юмнууд архидах юм мөн албан байгууллагууд цэрэгт явсан ядаж 3 жил алба хаасан хүмүүсээ алдаршуулж яриа таниулга хийж залуу үедээ цэрэгт явах сэдэлийг нь сэргээсэн арга хэмжээ зохиож баймаар юм одоо ч албан газаруудад ядаж 3 жил цэрэгт явсан ажилтан ч бараг ховор болсон байх даа тэтгэвэрт гарах нь гараад гэхдээ ганц нэг байгаа байлгүй дээ эх орноо батлан хамгаалхад байгууллага хамт олон бас дэмжиж оролцож баймаар санагддаг даа.
Зочин · 7 цагийн өмнө
манай хүүхнүүд улам л адварч архи л уух болж дээ
Зочин · 7 цагийн өмнө
ANUSN80955877