УИХ-ын Ч.Лодойсамбуутай ярилцлаа.


Сонсголыг цөөнхийн гишүүн даргалдаг байхаар хуулийн төсөл өргөн барьсан байсан.Ингэснээр ер нь ямар давуу тал бий болно гэж үзэж байгаа юм бэ?

-Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй бүлгийн гишүүд тухайн хуулийн төслийг өргөн барьсан. Улс төрийн ухаанд тогтчихсон онолыг л биелүүлье гэж байгаа юм. Парламентын засаглалтай оронд олонх нь засгаа бариад цөөнх нь хяналтаа тавьдаг. Төрийн ажлыг зөв, тунгалаг явуулах гэж л хяналт тавьдаг шүү дээ. Өнөөдөр бид хэдийгээр засагт хамтарчихсан байгаа гэсэн хяналтыг сулруулж, зогсоож болохгүй гэдэг үүднээс бүлгийн зарим гишүүд намын бодлого сөрж байгаагаараа дуудуулан байж асуудал тавьж байна.Хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн гол  зорилго нь болохоор өнгөрсөн 30 жилийн турш эрх барьж энэ том бүтэц чинь хүссэн ч эс хүссэн ч өөрсдөдөө хяналт,  шаардлага тавих боломжгүй болчихсон. Үүнийг сүүлийн жилүүдэд болсон томоохон сонсголуудаас хангалттай харсан. Нэгхэн жишээхэлэхэд, Б.Энхбаяр гишүүн “Нүүрсний сонсгол”-ыг ахалж, Д.Амарбаясгалан даргыг гэрчээр дуудсан

Гэвч ирээгүй шүү дээ?

-Ордонд байсан мөртлөө ирээгүй. Нэг намын дарга, цэрэг хоёр байхгүй юу. Тэгээд цэрэг нь даргаа дуудахаар нөгөөх нь  ирэхгүй. Энэ бол наад захын жишээ. Хоёрдугаарт, ирсэн мэдээллүүдийг улс төрийн зорилгоор боловсруулж, ашиглаж байна. 30 жил засагласан намаас биш, нэг удаа олуулаа, нэг удаа олонх байсан, ер нь бүрэн эрхээ хэрэгжүүлж үзээгүй намынхан буруудаад л өнгөрсөн. Нүүрсний асуудал ид яригдаж байхад гол гэрчийг нь шоронд хорьж байгаад хийсэн. Энэ чинь хяналт алдагдсаныг нотолж байгаа юм.Нэг хүчин олон жил засаглачихаар өөрсдийгөө хянах боломжгүй болчихдог.Тийм болохоор л ийм онол байдаг юм. Үүнийг л хэрэгжүүлье гээд байгаа хэрэг. Түүнээс биш хяналт нэртэй хамгаалалт, нөгөөхүчнээ хясан боогдуулдаг л ажил хийгдэж байна.

манай улсад парламентын ардчилал хэр байна гэж та үзэж байна вэ?

-Би бодсон бодоогүй дэлхийн нийт ажиглаж байгаа.Монголчууд өөрсдөө мэдэрч байна. Монгол Улс ардчилсан, олонхын дүртэй нэг хүний засаглал руу шилжчихсэн. Олон улсын ардчиллын индексийг  тодорхойлдог байгууллага хүртэл саяхан дүгнэлтээ гаргасан. Киргизстан , Энэтхэг, Бангладеш зэрэг орнуудтай хамт ардчиллаа алдаад автократ дэглэм рүү шилжсэн орон гээд дүгнэчихлээ. Тэр тайланг нь нарийн харахаар маш их ухраад бид яг 1992 оныхоо  түвшинд буцаад ирчихсэн гэж байгаа байхгүй юу. Хэзээ ч ингэтлээ уруудаж үзээгүй. Манайд хүний эрх гэдэг ойлголт байхгүй. Парламентын гишүүний эрх гэж цаасан дээр л байна. Нэг хүн засаглаж байгаа нь бодитой үнэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л хэдэн залуучуудын нэвтрүүлгийг үзэх гээд бариад авчихсан. Гэтэл нэвтрүүлэг нь онц биш байхаар нь бантсандаа өөр хэрэг тохох гээд үзэж тарж байна. Бидний өмнө дүүжилж үзүүлж байна. Их хурал дээр Засгийн газрыг шүүмжилсэн гишүүдийг нам хамаарахгүй хэн ч биш болгох ажлыг Засгийн газраас зохион байгуулж байна. Ерөнхий сайдын ах дүү нар, гэр бүлээрээ   зохион байгуулж байна. Монголын нийгмийг худал хуурмагийн намаг  балчигт шигдээж байна. Гэвч хэлэхээсээ айдаг болчихлоо. Сүүлд Эмнести Интернэшнл “1000-ыг айлгахын тулд нэгийг” гэсэн дүгнэлт гаргаж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн байна лээ.Энэ байгууллагатай одоо маргахгүй байлгүй дээ.

-Нэг хүн засаглаж байна гэж Ерөнхий сайдыг хэлж байна уу?

-Тийм.

Ерөнхий сайдыг  огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байсан. Хэр дэмжлэг авч байна вэ?

-Дэмжлэг авч байна. Бүгд л дэмжиж байгаа. Гэхдээ ил гарч чадахгүй байна. Би өөрөө ч араас нь нэг их хөөцөлдөхгүй байгаа. Гишүүддээ бодох боломж олгоно. Энэ бол ямар нэгэн байдлаар улс төрийн наймаа биш. Их хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа л ажил. Хүнээ хөгжүүлж, хүний эрх, эрх чөлөө хангагдаж байж тухайн улсын ардчилал бэхжиж байдаг.Хүнээ алгасаад байгалийн баялгаа зараад, дарга нар авахаа авчихаад үлдсэнээр нь сургууль, цэцэрлэг ажиллуулсан болж ард түмнээ өлмөн зэлмэн байдлаар удирдана гэвэл үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй.

Засгийн газарт танай нам хамтарчихсан байгаа нөхцөлд хариуцлага тооцож, Ерөнхий сайдыг огцруулж чадах юм уу?

-Болж байгаа учраас л би хөдөлж байгаа юм.Парламентын гишүүд маань ч харж л байгаа байх. Цагдаагийн тодорхой удирдлагууд улс төрийн аргаар ажиллаж байгаа жишээнүүд харагдаж л байна.

Хууль зүйн сайд нь уг нь танай намын хүн шүү дээ?

-Хууль зүйн сайд чинь Ерөнхий сайдын буюу кабинетын бодлогоор л явж байгаа шүү дээ.Одоо чинь нийгэм даяараа засгийг шүүмжилж болохоо больчихсон. Нэг нэвтрүүлэг хийлээ гэхээр л ажиллагаа явуулаад л, баахан процессын хууль зөрчиж байна. Монголын эрх зүйт нийгмийг шившигт хутгасандаа энэ Засгийн газар уучлалт гуйгаад бичигтэй, бичиггүй огцорч байх ёстой юм.

Татвар нэмэгдсэн, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн зэрэгт ард түмэн нэлээд дургүй байна. үүн дээр та ямар    байр суурьтай байна вэ?

-Төр яах гэж татвар авдаг вэ гэхээр ард түмнийхээ суурь хэрэгцээг хангахын тулд шүү дээ. Гэтэл өнөөдөр татвар нь дарга нарын мөнгийг арвижуулах гэдэг зүйл рүү орчихсон. Хэрхэн удаан засаглах вэ гэдэг дээр л төсвийг зарцуулдаг болчихсон. Үүнийг бүгд л мэдэж байна. Намар төсөв батлах үеэр одоогийн энэ нүүрсний үнийн уналт, ханшийн зөрүү, юмны үнэ нэмэгдэх зэргийг мэргэжлийн эдийн засагчид хэлээд л байсан. Болохгүй зүйлийг хүчлээд яваад байсны гор одоо харагдаж байна шүү дээ. Өрхийн орлоготойгоо харьцуулахад манай татвар хэтэрхий өндөр байна. Түүнээс биш төрдөө татвар төлмөөргүй байна гээд байгаа хүн байхгүй. Харьцаа нь хэтэрхий өндөр байгааг л хэлээд байгаа юм.

Татварыг бодитойгоор бууруулах боломж бий юу.Сангийн яамнаас Татварын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн. Та тэр төслийг нь үзсэн үү?

-Үзээгүй байгаа. Ажлын хэсэг нь байгуулагдчихсан, боловсруулаад явж байгаа байх.Ер нь татварыг бодитойгоор бууруулахын тулд төр зардлаа л хэмнэх ёстой. Одоо байгаа төрийн том бүтэцтэйгээ байх юм бол бүтэхгүй.Давхардсан бүтцийг арилгаж, арилгаж, үр ашиггүй зардлаа  багасгах хэрэгтэй. Тэгж байж татвар буурна. Эрх мэдэл байхгүй болж байж авлига алга болно. Төр нь бүхнийг эзэмшиж, наймаагаа хийгээд явъя. Ард түмний баялаг шүү дээ гэж байгаа чинь дарга нарын мөнгийг нэмье  л гэсэн үг шүү дээ.