АШУҮИС, АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Э.Хонгорзултай цахим донтолтын талаар ярилцлаа.


-Манай улс интернэт орчны хэрэглээгээрээ Азидаа тэргүүлдэг. Сүүлийн үед хүүхдүүд цахим орчинд донтож, түүнээс хамааралтай болж байгаагаас үүдэн олон сөрөг үр дагавар гарч байна. Саяхан нэгэн охин өөрийн тэжээдэг муураа мөчилж алж буй үйлдлээ бичлэг болгон хийгээд, хаалттай группт оруулсан хэрэг гарсан. Одоогоор охин сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ кейсийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хоёр асуудал яригдана. Нэгдүгээрт, ямар ч хүн цахим, сошиал орчинд донтож болдог. Өөрөөр хэлбэл, донтохдоо даган дуурайж болно. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд хэн нэгнийг даган дуурайж, өөрийгөө хэн нэгэнтэй ижилсүүлэх магадлалтай.

Хоёрдугаарт, амьтан алж, түүнээсээ таашаал авч байна гэвэл өөр төрлийн сэтгэцийн өвчин байх магадлалтай. Тиймээс магадгүй охиныг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн байх.

Цахим донтолт гэдэг нь Internet addiction disor­der, Gaming disorder гэсэн нэрээр олон улсын өвчний XI ангилалд багтдаг ба “Цахим донтолт”, “Олон төрлийн цахим хэрэглээний хэтрүүлэн ашиглалт” гэсэн нэршлээр ордог. Энэ нь сая хэлсэнчлэн тоглоомын эмгэг болон сошиал медиа интернэт донтолт гэсэн төрлүүдээр олон улсын уг жагсаалтад багтдаг. Тоглоом хэт их тоглох хүсэлтэй болж, тоглоомонд илүү анхаарал тавьж, өдөр тутмын ажил, хичээлдээ анхаарлаа хандуулдаггүй, өөрийгөө хянах чадваргүй болсон ба ийм байдалтай 12 сар явсан хүнд тоглоомын эмгэг гэсэн онош тавьдаг. Энэ хугацаанд хэрвээ шинж тэмдэг хүчтэй илэрч байвал богиносгож болно. СЭМҮТ дээр олон төрлийн донтолттой хүүхдүүд ирдгээс сэтгэцийн донтолтын өвчтэй хүүхдүүд ч их ирнэ. Сая ярьсан кейстэй адилхан төрөл бүрийн үйлдэл дагаж хийдэг өвчтэй хүүхдүүд ч байдаг. донтолтын улмаас уур уцаартай болж, гэр бүлийнхэн рүүгээ дайрч давшсан гэх мэт. Тэгэхээр энэ бол эцсийн дүндээ хүүхэд өдөрт хэдэн цагийг дэлгэцэнд зарцуулах ёстой байдаг вэ гэх зүйлд хүргэж байгаа юм.

-Ер нь өдөрт ухаалаг утас хэрэглэх тохиромжтой хугацаа хүүхдийн насны ангиллаас хамаараад өөр өөр байдаг уу?

-Тийм. Хүүхдүүдэд өгөгдсөн өдрийн цагийг өдөрт хэд хэд хувааж хэрэглүүлнэ. 3-6 настай хүүхдүүд нийтдээ 1 цагаас 1цаг 30 минутын хооронд, хамгийн дээд талдаа, үзэж болно. Дахин хэлэхэд өдөрт энэ цагийг 10, 20 минутаар нь хувааж, хүүхдүүддээ утас хэрэглүүлнэ. Бага насны хүүхдэд хэт удаан үзүүлж болохгүй. Харин 6-12 насны хүүхдэд 2 цаг хүртэлх хугацаа хамгийн тохиромжтой. Өсвөр нас буюу 13-18 настай хүүхэд бол 2-2.5 цаг гэсэн тогтсон цагтай. Насанд хүрсэн хүн бол хамгийн дээд талдаа гурван цаг ухаалаг утас ашиглахад болно. Мэдээж үүнээс хэтрүүлж болохгүй.

-Тэгвэл яагаад хүүхдүүд сошиал, интернэт орчинд ихэнх цагаа өнгөрөөж, бүр цаашилбал донтож байна вэ?

-Үүнд маш олон шалтгаан бий. Хамгийн гол шалтгаан нь эцэг эхийн хараа хяналт муу байгаатай холбоотой. Эцэг эхчүүд бага насны хүүхэдтэйгээ ярилцахгүй, хамт тоглохгүй, завгүй учраас утас үзүүлээд орхидог олон тохиолдол байна. Миний эргэн тойронд ч байгаа. Би ч гэсэн хоёр бага насны хүүхэдтэй. Мэдээж хүүхдүүддээ аль болох цаг гаргахыг хичээдэг ч өдөрт нэг цагаас хэтрүүлэхгүй зурагт, эсвэл утас үзүүлдэг. Бусад цагаар нь аль болох хамт тоглохыг хичээдэг. Нэгэнт эцэг эх болсон бол хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Энэ бол эцэг эхийн хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг шүү дээ. Мөн эцэг эх нь анхаардаггүй, ганцаарддаг, стрессддэг, түгшдэг гэх мэт сэтгэл зүй ч нөлөөлдөг. Үүнтэй давхар сэтгэл ханамжийн асуудал яригдана. Жишээ нь, цахим тоглоом урамшуулал ихтэй байдаг. Наад зах нь гэхэд “Мундаг байна”, “Та ялагч боллоо” гэх мэт үгийг хэлдэг шүү дээ. Харин хүүхдүүд ийм сэтгэл ханамжийн үг сонсох хүсэл ихтэй байдаг. Сэтгэл ханасан, хангалуун мэдрэмж авахаараа хүний тархи допамин илүү их ялгаруулдаг юм. Энэ сэтгэл ханамж авах хүсэл нь нэг талаараа хүүхдүүдийг тоглоом, сошиал орчинд донтоход хүргэж буй шалтгаан болж байна.

-Нийгмийн нөлөө бий юу?

-Мэдээж нийгмийн нөлөө бий. Сая хэлсэнчлэн үе тэнгийн хүүхдүүд нэгнээ дуурайдаг. Хэрвээ найз нөхөд нь цахим орчинд олон цагийг өнгөрөөдөг бол тухайн хүүхэд ч дагаж донтох магадлалтай мөн байнга чат бичээд, чатаар холбогдоод байгаа нь ч гэсэн нэг донтолт. Энэ бол олон судалгаагаар батлагдсан. Цахим орчинд өөрийгөө илүү чөлөөтэй илэрхийлж чаддаг хүмүүс байдаг. Энэ арга тухайн хүнд илүү амар байдаг. Өөрийгөө олон хүний урд гаргахгүй, өөрөө ч тэдгээр хүмүүсийг харахгүй байгаа учраас сошиалд илүү их цаг зарцуулдаг байх жишээтэй. Иймэрхүү маш олон шалтгаан, нөлөөлөл бий.

-Та хүүхдүүд үйлдэл даган дуурайдаг гэлээ. Хэдэн жилийн өмнө найз охиноо буудсан хэрэг гарсан. Тухайн үед хэрэг үйлдэгчийн хувьд ухаалаг утасны тоглоомтойгоо адилхан амь ороод босоод ирнэ гэж бодсон гэдэг. Бодит байдал, дэлгэцэн доторх тоглоом хоёроо ялгахгүй болно гэдэг донтолтын хамгийн хурц хэлбэр үү?

-Шууд дэлгэцийн донтолт гэж хэлж болохгүй. Хэрвээ дэлгэцийн донтолттой байлаа гэхэд “Би хүний аминд хүрээд, түүнийгээ мэдээгүй, босоод ирнэ” гэж бодсон бол давхар өөр сэтгэцийн эмгэг яригдана. Дэлгэцийн болон цахим донтолт хүнд түвшин байвал олон сэтгэцийн өвчин ар араасаа дагах магадлал өндөр байдаг. Хамгийн түрүүнд сэтгэл түгшилт гэх өвчин байна. Өөрөөр хэлбэл гэнэт хажуугаас нь хүн гарч ирэхээр бууддаг тоглоом шигээ санаад цочдог ч юм уу. Дасан зохицох эмгэгүүд ч үүсэх магадлалтай. Сэтгэл гутрал хамгийн их үүсдэг. Үүнээс шалтгаалан хүүхдүүд дунд амиа хорлолт их гардаг.

-Танай дээр цахим донтолттой хэд орчим хүүхдүүд ирж байна уу?

-СЭМҮТ-ийн 2015-2019 оны статистик мэдээгээр 192 хүүхэд ирсэн байдаг. Үүний 90-ээс дээш хувь нь эрэгтэй хүүхдүүд байсан.

-Яагаад эрэгтэй хүүхэд давамгай байна вэ?

-Шалтгаан нь гэвэл манай монголд эрэгтэй хүүхдүүдийг “өөрөө болчихно доо” гэх хандлагатай байдаг. Охиндоо илүү анхаардаг нь нөлөөлж байгаа юм. Гэр бүлийн эрэгтэй хүүхэд рүүгээ чиглэсэн хүмүүжил арай өөр. Зарим айл эрэгтэй хүүхдүүдийг илүү эрх дураар нь ч байлгадаг, мөн нийгэм эрэгтэй хүүхдүүдийг эрсдэлтэй зүйлд оролцох нь сайн гэсэн хандлага гаргадаг тохиолдлууд бий. Түүнээс гадна тархины хөгжлийн ялгаатай байдал, гормоны өөрчлөлт буюу тестостерон зэрэг эрэгтэй гормон нь эрсдэлтэй үйлдэл, анхаарал төвлөрөхгүй байх, хүчтэй сэтгэл хөдлөлд өртөх хандлагыг бий болгож болно.

-Цахим донтолттой хүнд илрэх хамгийн энгийн хэв шинжүүдээс нэрлэхгүй юу?

-Ихэнхдээ биеийн байдлаар илэрдэг. Хүзүү нуруу, гар, хуруу нь жаахан бөгтийдөг. Нойргүйдэлд орсон, биологийн хэмнэл нь алдагдсан хүүхдийг харахад илт байдаг. Мөн биеийн талаас шууд ажиглагдахуйц нэг хэв шинж нь таргалалт. Мөн интернэтээсээ хол байх үедээ их стресстэж бухимддаг, нийгмийн харилцаанд орохгүй, анхаарал төвлөрөлт муу, суралцах чадвар муу байдаг.

-Зовуурь байгаа юу?

-Байгаа. Сая хэлсэнчлэн нуруу, хүзүүний хэсэг өвдөж болно. Суудлын өвчин, гар хурууны өвчнүүд, нүдний ядаргаа, толгой өвдөх гэх мэт бий. Сэтгэцийн талаасаа гэвэл анхаарал төвлөрөл нь маш их сулардаг. Аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлээд, удаан сууж чадахгүй гэсэн үг. Мөн уур уцаартай болдог.

А.ДАвААДуЛАМ