Иргэдэд онлайнаар газар олгох бүртгэл ирэх наймдугаар сараас эхлэнэ. НИТХ-ын Тэргүүлэгчид  зургадугаар сарын 26-нд хуралдаж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршлаас 20 байршил болон зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний таван амны газрын  хаягийн зургийг баталсан.

Хаягийн зургийг гаргахдаа УИХ-аас баталсан Хаягжуулалтын тухай хуулийн дагуу Засгийн газраас гаргасан журмыг үндэслэсэн байна. Уг журамд хаягжуулахдаа гудамжны нүүрэн талдаа байршлыг тухайн гудамжны баруун зүүн гар талд сондгой, тэгш гэсэн дараалсан хувьсах дугаарлалтын аргаар харъяалах газар зүйн нэршил дотроо дахин давтагдахгүйгээр дугаарлана, гудамжны нүүрэн талдаа бус байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг тухайн орц буюу хаалга нь харсан талын гудамжинд хамааруулна, хаягжуулсан үл хөдлөх эд хөрөнгийн бүх нэрийг хаалт, хашилтгүй бичнэ гэх зэргээр стандартуудыг нарийн тусгасан байдаг аж.

Батлагдсан хаягийн зургийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг 8 дугаар сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг болон  Зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдсэн эхний 5 амны хаягийн зургийн дэлгэрэнгүйтэй энд дарж танилцаарай.


 Х.Даваа