Нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-д иргэн П.Саранзулын санаачилгаар гэр бүлээс гадуурх харилцаатай холбоотой асуудлыг зохицуулах, шийтгэхтэй холбоотой хуулийн төсөл санаачлах эсэх санал асуулга эхэлсэн байна. 

Санал асуулга 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нд эхэлсэн бөгөөд дуусахад 25 хоног үлдээд байгаа аж. 100 мянган иргэний саналыг авснаар хуулийн төсөл боловсруулах эсэх асуудлыг холбогдох байнгын хороогоор хэлэлцэн шийднэ. Одоогийн байдлаар тус саналд 4,546 иргэн гарын үсэг зурж дэмжжээ. 

Иргэн П.Саранзул өргөдөлдөө "Гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж нөхөр (эхнэр)-т баригдсан, гэр бүл салалтад шууд нөлөөлсөн, сэтгэл санааны хохирол учруулсан гуравдагч этгээдэд мөнгөн торгуулийн шийтгэл (5'000'000₮-10'000'000₮) цаашлаад тодорхой хугацаатай баривчилгаа, албадан хөдөлмөр хийлгэдэг болгох.

Ингэснээр хүмүүсийн ухамсар буруу үйлдэлд нөлөөлж гэр бүлээс гадуурх харилцаа буурна. Гэр бүл салалт багасна гэж үзэж байна. Хамгийн гол нь хүүхдийн эрх маш их зөрчигдөж өнчрөл, салалт хэрээс хэтэрлээ. Гэр бүлийн тухай хуулиа хэдийнээ чангалах болсон. Бидний ирээдүй үр хүүхдүүд хохирох ёсгүй. Бусдын амьдралд халдаж санаатайгаар гэр бүл салгах үндсийг тавьж байгаа маш олон ухамсаргүй хүмүүс байна. Гэр бүлийг хуулийн өмнө баталж гэрчилгээ өгч тангараг хэлүүлдэг атлаа тангаргаа мартсан гэр бүлээ хуурсан хүнд шийтгэл өгөхгүй байна. Бусдын амьдралыг зовлонд унагаж байгаа хүн шийтгүүлэх ёстой. Алдаа гаргасан эмчийг шийтгэдэг хэрнээ бүхэл бүтэн нэг насны амьдралаас гадна 2-3 үеийн амьдралыг салалтын хохирогч болгосон увайгүй хүмүүс шийтгэлгүй өнгөрч байна. Шударга биш байна" гэжээ.