Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын бэлтгэлийн ажлын тухай мэдээллийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд гурван гэрээ байгуулагдах учиртай. Үүний хоёр нь Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-нд, нэг нь буюу Хил дамнасан гүүрэн байгууламжтай холбоотой гэрээ нь Зам, Тээврийн Яам(ЗТЯ)-нд харьяалагдаж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Гурван гэрээг цогцоор нь зурах ёстой. ЗТЯ-ны тухайд Хил дамнасан гүүрэн байгууламжийн ажлын гэрээг бэлэн болгож, АҮЭБЯ-нд өгсөн байгаа. Гурван гэрээг тавдугаар сарын эхээр зурна. 

Хамтарсан төмөр замыг барих барилгын ажлын нээлтийг тавдугаар сарын 14-нд хийхээр урьдчилан төлөвлөсөн. 

БНХАУ-ын Чайна Энержи компани, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам, БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо зэрэг олон газар хамтран нээлтийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж байна. Нээлтийн дараа бүтээн байгуулалтын ажил шууд эхэлнэ. 

Хоёр төмөр замыг холбохдоо хоёр улс өөр өөрсдийн газар нутагтаа бүтээн байгуулалтын ажлаа хийнэ. Гэхдээ Монгол Улс өөрийн нутаг дэвсгэр дээр хийх бүтээн байгуулалт дээр олон улсын тендерийг дөрөвдүгээр сарын 1-нд зарласан. Тендер дөрөвдүгээр сарын 30-нд нээгдэнэ. Өнөөдрийн байдлаар хоёр компани оролцох саналаа ирүүлсэн. Тодруулбал Хятадын Төмөр замын инженеринг корпорац, Хятадын Төмөр замын барилгын корпорац оролцохоо илэрхийлсэн байна.

Барилгын ажил хоёр талдаа зэрэг эхлээд явна. Хил дамнасан төмөр замын хаалттай бүс байгуулах, барилгын материал оруулах, явуулын гааль ажиллуулах гэх зэргээр бэлтгэлээ хангасан байгаа" гэв.

Хоёр төмөр замыг нэг жил есөн сарын хугацаанд холбох төлөвлөгөөтэй байгаа юм.