Хойд хөрш Антрактидыг “эзэлнэ”
2013/01/30
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев 2013-2017 онд Антрактидад томоохон төсөл боловсруулахаар бэлтгэжээ. Засгийн газрын мэдээлснээр уг төсөл нь геологи, геофизик судалгаа, дэлхийн дулаарлын эсрэг сургалт, Восток нуурын өрөмдлөг, хиймэл арал босгох, ОХУ-ын сансар судлалын цоо шинэ хүрээлэн байгуулах зорилготой аж.
Төрийн Думын хэвлэлийн алба “ОХУ-ын Антрактидад хэрэгжүүлэх төслийн гол зорилго нь хүн төрөлхтөн ийм олон тооны судалгаа хийж, төслийн хэмжээнд хүргэж байгаагүй. Тиймдээ ч ОХУ Антрактидад 2020 он хүртэл стратегийн бодлого баримтлах юм” гэсэн байна.
Юун түрүүнд шаардлагатай усан онгоц, агаарын хүчин болон хэт хүйтэнд тэсвэртэй өрөмдлөгийн хөлөг онгоц бүтээхээр ажиллаж эхэлжээ. ОХУ уг төсөлд эхний ээлжинд 60 сая рубль буюу хоёр тэрбум ам.долларын санхүүжилт төсөвлөжээ. Цаашид жилээс жилд шаардлагатай хөрөнгийн тоо өсөх аж. Барууныхан Москвагийн уг алхмыг Антрактидад шинэ “хаант улс” байгуулах далд зорилго өвөртөлж байна хэмээн хардав. Үүний хариуд ОХУ-ын албаны хүмүүс “Манай улсад гэлтгүй дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт мэдрэгдэж эхэлсэн. Үүний эсрэг хий дэмий хуралдаж суухаар ажил хэрэг болгохыг зорьсон” гэдгийг “Рио Новости” уламжилжээ.