Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
8 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Бээжин хотноо уулзав.
Уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярт хүрэлцэн ирж оролцсонд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар дээрх арга хэмжээнүүдэд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү ялалтыг авчрахад Монгол Ардын хувьсгалт цэрэг Зөвлөлтийн армитай хамтран Зүүн хойд Хятадыг чөлөөлөх байлдааны ажиллагаанд оролцон өөрсдийн алтан амиа зориулан баатарлаг гавьяа байгуулсныг онцлон тэмдэглэлээ.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын манлайлал дор Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж буйг талууд онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулах тодорхой асуудлуудаар санал солилцож, нэгдсэн ойлголцолд хүрэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохирсон хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монгол Улсаас гаргах уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтын төмөр замын холболтын ажлыг урагшлуулах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх зэрэг саналыг монголын талаас дэвшүүлэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр талын хамтран хэрэгжүүлж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолбор зэрэг төсөл нь хоёр талын хамтын ажиллагааны чухал ололт амжилт гэдгийг тэмдэглэв.
Мөн хятадын талаас дэвшүүлсэн санал санаачилгуудыг монголын тал дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, эдгээр санал санаачилгын хүрээнд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцлов.
Тухайлбал, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулахад хамтран ажиллахаар боллоо.
Түүнчлэн талууд хамтын ажиллагааны дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:
1. “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох үеийн зөгийн балд тавигдах хяналт, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын хоорондын протокол”,
2. “Амьтан, ургамал хилээр оруулах, гаргах үеийн хорио цээрийн техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,
3. “Хэмжил зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,
4. “Тохирлын үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар (Үндэсний баталгаажуулалт, итгэмжлэлийн удирдах газар) хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,
5. “Монголын Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, Хятадын мэдээллийн групп хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.
Хөрш гурван улсын төрийн тэргүүнүүд уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр /2025.09.02/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийлээ.
Хөрш гурван улсын төрийн төрийн тэргүүнүүд ийм форматаар долоо дахь удаагаа уулзаж байгааг хэвлэлүүд онцлов. Гурван талт уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ “Хятад улс Орос, Монголтой хамтран гадны хөндлөнгийн оролцоог арилгаж, гурван талын хамтын ажиллагааг чанартай хөгжүүлэхэд бэлэн байна” гэсэн байна. Мөн тэрбээр “Хоёр түнш улстай улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилготой” гээд “Сүүлийн жилүүдэд бидний хамтын удирдлага дор Хятад, Орос, Монгол гурван талт хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, бодит үр дүнгээ өгч байна” гэсэн байна. Түүнчлэн “Эдийн засгийн коридор бий болгох хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй хамтарсан төслүүд нь Москва, Бээжин, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгсөн” гэдгийг тэмдэглэсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Орос улс Монгол, Хятад хоёртой харилцаагаа хөгжүүлэхийг чин сэтгэлээсээ эрмэлзэж байна” гээд “Гурван талт харилцааны форматаар дамжуулан хамтын ажиллагаагаа амжилттай баяжуулж, шинэ талтай болгох нь чухал гэж Москва үзэж байна” гэдгийг тэмдэглэжээ. Мөн тэрбээр “Орос, Хятад, Монгол хоёр улс бол сайн хөрш бөгөөд манай ард түмнүүдийг найрамдал, харилцан туслалцсан уламжлалаар нэгтгэдэг” хэмээн онцолсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол Улс Хятад, Орос улстай бүхий л салбарт харилцаагаа гүнзгийрүүлэхийн төлөө тууштай хүчин чармайлт гаргаж ирсэн” гэдгийг тэмдэглээд “Энэ нь харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой гэдгийг тэмдэглэсэн байна. Өнөөдрийн гурван талт уулзалт удаан завсарласны дараа болох тул сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хэлбэрээр хийсэн ажлаа дүгнэж, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тодорхой төлөвлөгөөг гаргах нь чухал гэж үзэж байгааг Оросын хэвлэлд бичсэн байна.
Бат инженер · 5 цагийн өмнө
"...Гаднын хөндлөнгийн оролцоог арилгаж..." гэсэн чинь юу гэсэн үг вэ. Бид 2-оос өөр улстай битгий харилц гэсэн үг үү энэ чинь Юу гэсэн санаа вэ Гайхаж байна шүү.
Зочин · 7 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 8 цагийн өмнө
SEXSEER XALYYTSMR SHAALGN80955877BOOW XXI ALNI SEXSEER