Наадмын дараа намраа гэж....
2014/07/19
Монгол түмэн минь хотол олноороо дэнж хотойтол сайхан наадлаа. Монгол нутгийн зун наадмаар амьсгалж, 100 гаруй сум түүхт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж байна. Гэвч ийм амар амгалан өдрүүдийн цаана намар наашилж, навчис чимээгүйхэн гундаж байдаг. Тиймээс л энэ дашрамд намар ирснийг сануулах гэсэн билээ. Зуны сайханд тайвширч, наадмын олонд түүртсээр намрынхаа ажлыг мартаж өвөлд өвдөг шорооддог сургамжийг монголчууд мундахгүй олон амссан.
Дээр хэлсэнчлэн энэ жил 100 гаруй сумд түүхт 80,90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа учраас төрийн түшээд ч завгүй наадамлаж явна. Төрийн түшээдийн хувьд нийслэлдээ Улсын баяр наадамдаа оролцоод бүгд нутгийн зүг мордсон. Мэдээж, улстөрчид төрж, өссөн, нутгийнхаа ойд оролцож, “төрсөн өдрийн бэлэг” гардуулахгүй бол нутгийн зон олноос эхлээд муулж гарна биз. Ингээд л намрын сарыг наадмаас наадам, найраас найр хэсч өнгөрөөж байгаа юм даа. Ийн хэлсэн нь учиртай. Манайхан бүтэн сар наадамлаж, гол хэсч зугаалж байгаад гэнэтхэн сэхээ ордог. Өвсний толгой шаралж, уулсын оройд цас будрахтай зэрэгцэн хадлан тэжээл, өвлийн бэлтгэл гээд л сандарч эхлэнэ. Энэ үйл явдал ч мөн адил энэ жил давтагдах нь гарцаагүй. Ядаж байхад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай эдийн засаг сэргэсэнгүй. Харин ч улам бүр уруудсаар байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, ам.долларын өсөлт, атар талхны үнэ гээд нэмэгдээгүй бүтээгдэхүүн гэж ер алга аа. Хамгийн сүүлийн өсөлтийн мэдээ гэхэд орон сууцны үнэ өсчээ. Уг Засгийн газраас “Буянт-Ухаа-1” хорооллыг ашиглалтад оруулснаар байрны үнэ тодорхой хэмжээгээр буурна гэж амлаж байсан нь үлгэр болов оо хөөрхий. Яахав байр баригдаж дуусах үеэр тодорхой хэмжээгээр буурсан боловч өнөөдөр дахиад үнийн хөөсрөлт эхэлж байгаа юм. Тэгэхээр Засгийн газар байрны үнийн асуудлаар бас л шоудсан болж таарах нь. Бүр тодорхой мэдээлэл гэвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд дурдсанаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнийн индекс 2014 оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсийнхээс 2.2 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 31.6 хувь, өмнөх оны эцсийнхээс 2.7 хувь, өмнөх улирлынхаас 0.4 хувиар өссөн байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт 33.1 хувь, Баянзүрх дүүрэгт 32.4 хувь, Сүхбаатар дүүрэгт 32.3 хувь, Баянгол дүүрэгт 30.2 хувь, Чингэлтэй дүүрэгт 29.3 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин 2014 оны нэгдүгээр улирлаас Баянзүрх, Хан-Уул дүүрэгт 1.0 хувь, Баянгол дүүрэгт 0.5 хувь, Сүхбаатар дүүрэгт 0.4 хувиар өсч, Чингэлтэй дүүрэгт 0.1 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 0.3 хувиар буурсан байх жишээтэй. Мөн Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр хүнсний гол нэрийн барааны бүтээгдэхүүний үнэ 1.7 хувь өсөхөд гурилын үнэ нөлөөлсөн гэж байгаа. Бичигдээгүй хууль гэдэг шиг манайд байрны үнэ намар л өсдөг. Тэгэхээр орон сууцны үнийг Засгийн газар зохицуулж чадахгүй нь тодорхой гэсэн үг. Нөгөө талаар манай Засгийн газрын чадваргүй, чансаагүй байгаагийн нэг илэрхийлэл гэж хэлмээр байна. Өнгөрсөн УИХ-ын хаврын чуулганы үр дүнгийн талаар гишүүд ам муутай байгаа. Тэр нь ч үнэн. Гэтэл АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын мэдээлэлээр бол хаврын чуулган үүргээ гүйцэтгэж, чухал хуулийн төслүүдийг баталж чадсан гэж хэлж байна лээ. Тиймээс эрх баригч намын бүлгийн гишүүд долдугаар сардаа бүгд амрах юм гэсэн. Угтаа бол улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал Д.Эрдэнэбат даргын хэлж байгаатай 100 хувь зөрнө. Өнгөрсөн хугацаанд хэрүүл болгож цаг гарзадсан асуудал бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудал. Иймэрхүү сандал ширээтэй зууралдсаар байгаад хаврыг өнгөрөөсөн хэрэг. УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийх өдөр улс оронд чухал нөлөөтэй гэх хуулийн төслүүдийг шууд баталж гаргах жишээний. Ийм л маягаар УИХ ажилалаа.
Мөн Засгийн газрын тухайд ч ялгаагүй үнэлээд хэлчих ажил хийсэнгүй. Ямар сайндаа ээлжит хуралдаанаа хаа хол Хөвсгөл аймагт очиж хийх гэнэ. Учир нь Хөвсгөлийн төвийг нийслэлтэй холбох хатуу хучилттай замын ажлын явцтай танилцах юм байна. Мэдээж аймгуудын замыг хатуу хучилттай болгож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ганц замын ажил дээр Засгийн газрын бүх гишүүд очиж, зардал гаргах ямар шаардлага байна аа. Уг нь “Эдийн засгийг эрчимжүүлэх 100” хоногийн хүрээнд тэвчиж болох зардлаа хэмнэх ёстой гэж Ерөнхий сайд хэлж байсан удаатай. Засгийн газрын гишүүдийн унаа, машинд хийх шатахууны зардлыг төрөөс гаргадаг. Хөвсгөл аймгаас ирж, очих гишүүдийн унааны зардал багагүй гарах нь тодорхой. Тэгэхээр хямарсан эдийн засгаа аврахын тулд хийж буй “Эдийн засгийг эрчимжүүлэх-100” хоног энэ мэт жижиг сажиг зүйлээс болж үр дүнд хүрэхгүй л болов уу.
Юутай ч УИХ, Засгийн газрын гишүүд наадмын хэдэн өдөр толгойгоо гашилгахгүй наадаж байна. Ирэх намрын чуулган хүртэл Төрийн ордон луу зүглэх янзгүй. Өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хэнтий аймгийг зорьж “Алтаргана-2014” наадамд оролцохоор мордлоо. Наадам 21-ныг хүртэл үргэлжилнэ гэж байгаа. Ердөө хэдхэн хоногийн даргаа наймдугаар сар гарлаа.
Наадмын дараа намар гэдэг дээ... Их ажлын цаг иржээ.
Зочин · 2014/07/20
Зочин · 2014/07/20
Зочин · 2014/07/20