Сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэртэй холбогдсон олон мэдээлэл, хардлага нийгэмд яригдсаар ирлээ.

Тухайлбал, Тавантолгойн Бор тээгийн ордын тендерийг авсан “Админерал” компанитай холбоотой байж болзошгүй, мөн талийгаач Н.Хасбаатарын хэрэгт холбогдолтой байж мэдэх тухай мэдээлэл үе үе дэгдэж, иргэдийн дунд эргэлзээ төрүүлсээр байна.

 

Гэвч хамгийн сонирхолтой нь, “Нүүрсний сонсгол”-ын үеэр нүүрсний хулгайч хэмээн нэрлэгдэж байсан ч Д.Амарбаясгалан өөрийн нэр төрөө хууль хяналтын байгууллагаар шалгуулж, цэвэрлэх алхам өнөөдрийг хүртэл хийгээгүй байна.

 

Хэрэв үнэхээр л Бор тээгийн ордтой холбоотой луйвар хийгээгүй бол түүний хамгийн эхний хийх ёстой ажил нь гүтгэлэг тараасан этгээдүүдийг шүүхэд өгч, хууль ёсоор нэр төрөө хамгаалах явдал баймаар. Харин тэрээр хууль хүчний байгууллагад хандахын оронд улс төрийн нөхөд, ялангуяа УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж, С.Ганбаатар зэрэг улстөрчдийг өмнөө барьж, өөрийн нэрийг цэвэрлэх гэж оролддог нь олон нийтэд бүр ч их хардлага төрүүлж байна.

 

МАН-ын VIII хуралдааны өмнө гэхэд л УИХ-ын гишүүн Б.Энхбаяр түүнийг хэд хэдэн гэмт хэрэгт холбогдолтой байж мэдэх тухай ярьсан юм. Д.Амарбаясгалан мөн л хуулийн байгууллагад хандаагүй бөгөөд УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржоор л өөрийгөө ямар нэг хэрэгт холбогдолгүй болох тухай МАН-ын Бага хурал дээр яриулсан аж.

 

Өмнө нь мөн л УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Д.Амарбаясгалан Админерал компанитай ямар ч хамааралгүй юм байна" гэж ярьж байв. Гэвч үнэн мөнийг тогтоох газар нь улстөрчдийн ам биш, харин хууль хяналтын байгууллага юм. Өнөөдөр нэг нь “хамаагүй”, нөгөө нь “цэвэр” гэж ярьснаар нийгмийн эргэлзээ арилахгүй.

Тиймээс Д.Амарбаясгалан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг улстөрчдийн мэдэгдэл, намын хурлын индэр бус, зөвхөн хууль хяналтын байгууллага л эцэслэн тогтоох ёстой юм. Үнэхээр л гэм зэмгүй бол Д.Амарбаясгалан өөрөө санаачилга гарган шалгуулах нь хамгийн зөв алхам. Тэгж байж л олон нийтийн итгэлийг сэргээж, улс төрийн хардлага сүүдрээс бүрэн гарч чадах билээ.

Э.Солонго

sonin.mn