Нэгэн танилыг минь нас барсан гэж бүртгэжээ. Эрүүл саруул, эмнэлэгт ч хэвтээгүй хүнийг Улсын бүртгэлийн хэлтсийнхэн бүртгэлээс хасаад “шороонд булчихсан” байна.

Ахмад настанд олгогдох хүний хөгжил сангийн мөнгөнийхөө үлдэгдлийг авах гээд банкин дээр очиход орж ирээгүй байсан байна. Тэгээд халамж дээр яваад очтол өөдөөс нь “энэ хүн нас барсан байна” гэжээ. Ингээд өөрийн биеэр улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж амьд мэнд яваагаа харуулж баталсан байх юм.

Зөвхөн танилаас минь гадна өөр олон ч хүнийг ингэж бүртгэж байсан удаатай. Гомдож цөхөрсөн хүмүүс хэвлэлээр ч ярилцлага өгч байсан. Хүнийг ингэж автоматаар нас баруулж байгаа газар Монголоос өөр байгаа болов уу.

Тэгэхээр сонгууль бүрийн л өмнө гардаг будлианыг яаж ч үүсгэж болохоор байна. Амьд хүнийг үхүүлж чадаж байгаа юм чинь нас барсан хүнийг босгоод амилуулах нь наад захын хэрэг бололтой.

УИХ-ыг сонгох сонгуулийн үеэр нэг хаяг дээр 140 гаруй хүн бүртгэлтэй байсан тохиолдол гарч л байсан. Тэгэхээр ер нь аливаа сонгууль бүрийн өмнө бичиг баримтын зөрчил арилгана гэж шоу үүсгэж хуурамч хүмүүсийг бүрдүүлдэг юм биш байгаа даа гэсэн бодол төрж байна.

Ёс болсон жаягаа яаж алдахав. Энэ жил ч гэсэн өнөөх зөрчил арилгах аяныг явуулсан. Гэтэл харин эсрэгээрээ аяны хүрээнд амьд байсан хүнийг нас барсан гээд бүртгэчихжээ.

Бас саяхан нэг томоохон будлиан гарсан. Улсын бүртгэлийнхэн АН-ынхны ах дүүсийг хаацайлахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна гэж МАН-ынхан хэлж байгаа. Тавантолгойн тендерт ялалт байгуулсан “Говь повер” компанийн захирал Уянга гэгч хэн бэ гэдгийг тогтоохоор МАН-аас гарсан ажлын хэсгийнхэн судлахад Улсын бүртгэл мэдээллийн төвөөс тус компанийн захирал нь Чулуунбаатарын Уянга хэмээх албан бланкийг УИХ-ын гишүүдэд гаргаж өгчээ. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь хуурамч байсан байна. Жинхэнэ эзэн нь Гэрэлхүүгийн Уянга буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн гэргий, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүүгийнх нь охин байжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлэхдээ, Улсын бүртгэлийн ерөнхий газар УИХ-даа хуурамчаар материал бүрдүүлж өгдөг болсонд эмзэглэж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах ёстой Хууль зүйн яамны харьяа агентлаг. Бид хэнд итгэх вэ. Энэ асуудалд манай улстөрийн өндөр албан тушаалтан орооцолдож байгаа нь, төрийн албан хаагчдыг ийм хууль бус үйлдэл хийхэд хүргэж байгаа нь харамсалтай гэсэн.

УИХ-даа хуурамч материал бүрдүүлж байгаа Улсын бүртгэлийн газрынхан энгийн иргэдийг яаж ч хуурч, нас барсан гээд бүртгэх наад захын хэрэг бололтой. Жил бүр л иргэний баримт бичгийн зөрчил арилгах, бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулах аяныг зохион байгуулдаг. Гэтэл үнэндээ үүний үр дүн төдийлөн гардаггүй. Хатуухан хэлэхэд улам зөрчилтэй болгож байж мэдэх л юм. Эрүүл саруул, нарт хорвоод амьдарч яваа хүнийг нас барсан гээд бүртгэчихэж байгаа юм чинь бичиг баримтын зөрчил арилгасан гэж үзэж болох уу.

Сонгууль бүрийн өмнө зохион байгуулж байгаа энэ ажлаараа өнөөх сонгуулийн будлианаа бэлдэж байгаа юм биш байгаа гэсэн хардлага хааяа төрнө. Уг нь ч сонгуулийг будлиантай, булхайтай явуулахгүй гэж л зохион байгуулдаг байх. Гэтэл яагаад зөрчилтэй иргэдийн тоо буурдаггүй юм болоо. Үнэнч шударга ажиллах ёстой төрийн албан хаагчид яагаад аль нэг нам, улс төрийн гар хөл болоод байна вэ.

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар хэчнээн ч хүнийг шинээр бий болгож бүртгэсэн хуурамч материал бүрдүүлэхийг байг гэх газаргүй болжээ. Ингэхэд ер нь хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой Улсын бүртгэлийн Ерөнхий газрынхан яаж ажиллаад байна вэ.

Г.Хишигсүрэн