Нийслэлээс ирэх онд эрчим хүчний ДЦС-5, Эмээлтийн 24 МВт-ын дулааны цахилгаан станц, Дэнжийн мянгын хийн дулааны станц, Хан хиллсийн хажууд хийн дулааны станц, Дамбадаржаагийн дулааны станц, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих зэрэг долоон төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна гэж хотын дарга Х.Нямбаатар танилцуулав.

Түүнчлэн "Энэ жил шахмал түлшийг хагас коксон түлшинд шилжүүлсний үр дүнд 80 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 300 тэрбум төгрөгөөр татаас авч мидлингээр түлш үйлдвэрлэдэг байсан бол энэ жил хагас коксон түлшинд 220 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Ирэх жилээс гаднаас хагас коксон түлш авахгүй байх, Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн хагас коксон түлшний үйлдвэр барихаар шийдлүүд судалж, ТЭЗҮ боловсруулж байна.

Туулын хурдны зам, Тойрог замууд ашиглалтад орсноор авто замын түгжрэлийг 50 орчим хувиар бууруулна гэж тооцоолж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино хугацаанд шинэ түлшний шийдэл, урт хугацаанд орон сууцжуулах, дунд хугацаанд хийн түлш, цахилгаан түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн ЧИП төслийн хүрээнд 5,000 айлыг дулаалж, хийн хэрэглээнд шилжүүлэх ажлыг ирэх оны хоёрдугаар сарын 1-нд дуусгана” гэв.