Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Урган наран” хорооллын бохир хальж тус хороололд амьдарч байгаа 432 өрхийн 1700 гаруй иргэн тун хэцүүхэн орчинд нөхцөлд амьдарсаар байгаа юм.

Тус хорооллын бохир хальснаас өвөл мөсөн бүрхүүл тогтож,  зун нь хөрсний бохирдол үүсгэж халдварт өвчин гарах эрсдэлтэй байдалд хүрсэн. Тухай бүр нийслэл болон дүүргээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж бохирыг соруулах, хөрсийг халдваргүйжүүлэх ажлыг хийдэг ч бохирын систем төвийн шугамд холбогдоогүйгээс эргээд л нөхцөл байдал хүндэрдэг. Тиймээс цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцахаар нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  Ургах наран хороололд ажиллалаа. 

Уг хорооллын хөрснөөс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дээж авч шалгалт хийхэд хороолол орчмын 9 га талбайн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Мөн Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсвэрийн худаг, шугам хоолойн ойролцоох газрын хөрс, агаар, орчинг бохирдуулж байгаа нь маш ноцтой асуудал гэж үзсэн байна. Тус хорооллын 400 орчим өрхийн бохирын асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй “Блү Скай Партнерс” компани үүргээ биелүүлээгүйгээс ийм нөхцөлд байдалд хүрчээ. Түүнчлэн тус компанийн охин компани болох  “УНК” компани 2011 оноос Ургах наран хорооллын дэд бүтэц, засварын ажлыг тусгай зөвшөөрөлгүйгээр хүлээн авч, бохироо ч соруулалгүй өдийг хүрсэн юм. Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас хариуцах аж ахуйн нэгжид хэд хэдэн удаа албан шаардлага хүргүүлсэн ч хариу аваагүй учраас цахилгаан, цэвэр усыг нь хязгаарлах саналыг хотын удирдлагуудад ирүүлжээ.

Хариуцсан компанийн удирдлагуудын хэлж байгаагаар Налайхын 500 мм-ийн голчтой бохирын шугам өнгөрсөн жил дууссан ч  Монгол шилтгээнээс Улиастайн гүүр хүрэх 8,9 км шугам, Улиастайн гүүрнээс Дүнжингарав худалдааны төв хүртэлх 7,1 км, Өмнөдийн 1000-ын коллектороос Гурвалжингийн гүүр хүртэлх 6,8 км шугамын тавих ажил дуусаагүй байгаагаас ийнхүү холбож чадахгүй байна гэлээ. Тэд бохирын асуудлыг ирэх 9-р сарын 15 гэхэд бүрэн  шийднэ гэжээ.

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн хариуцсан орлогч С.Батаа,  9 сарын 15 гэхэд байдал энэ хэвээр байвал тус хорооллын ус, цахилгааныг хязгаарлах арга хэмжээ авч, тухайн орчны хөрс, агаарын бохирдлыг бууруулах цогц ажил эхлүүлэх аж.

Х.Даваа