МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохоор тохирчээ. Дөрвөн жилд нэг удаа болдог холбооны ерөнхийлөгчийн сунгаа тун удахгүй болно.

 

Одоогийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж байгаа. Түүний хувьд УИХ-ын дэд даргаар ажиллахдаа Үндсэн хууль зөрчсөн асуудлаар яллагдагчаар татагдаж хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.

 

Түүний гишүүний бүрэн эрхийг нь хүртэл түдгэлзүүлэх яриа гарсан. Тэгэхээр Х.Булгантуяа МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөх нь ойлгомжтой. Түүний “халаа”-г Д.Үүрийнтуяа ямар ч өрсөлдөгчгүйгээр авах нь ч тодорхой байна. Х.Булгантуяагийн хувьд өдгөө гурав дахь жилдээ ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга байхад сонгогдсон. Ер нь МАН дотор эрх мэдлийн шилжилт явагдахад эмэгтэйчүүдийн холбооны удирдлага нь солигддог дүрэмтэй. Д.Үүрийнтуяагийн тухайд хойд бүсээс УИХ-д нэр дэвшин сонгогдсон байдаг.

 

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах акцад тэр нэлээд идэвхтэй оролцож харагдсан. 2003 онд ХААИС-ийг маркетингийн менежер, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн түүнийг “Эрдэнэт”-ийн захирал асан Б.Бадамсүрэнгийн дэмжлэгээр улс төрд хөл тавьсан гэдэг.

 

Угаасаа салгаж ойлгоход амаргүй. Яагаад гэхээр Б.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрт эрх мэдэлтэй байхаас эхлээд л Д.Үүрийнтуяа тус үйлдвэрийн “санхүү”-г атгаж ирсэн байдаг. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг цэвэр хөрөнгө, мөнгө босгох ажил байдаг. Энэ холбооны идэвхтэй гишүүн байхын тулд долоон сая гаруй төгрөг төлж ордог гэдэг нь ч үнэн байх.

Тэр ч утгаараа Д.Үүрийнтуяа гишүүн эмэгтэйчүүдийн байгууллагыг түүртэлгүй авч явах бололтой. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Д.Үүрийн туяа “Сод Монгол” групп, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Петровис” ХХК-ийн удирдлагын багт ажилласан байсан билээ.

 

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин