Украины дроны довтолгооноос шалтгаалсан газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн гэмтэл, саатал нь ОХУ даяар сүүлийн өдрүүдэд шатахууны ноцтой хомсдол үүсгээд буй. Хойд хөршид үүссэн уг нөхцөл байдал манай улсын шатахууны импортод нөлөөж баяр наадмын өдрүүдэд шатахууны хомсдол үүсгэх нь гэх яриа чих дэлсэж иргэд хөдөө орон нутгийг зорих эсэх талдаа эргэлзээ үүсжээ. Тэгвэл эл асуудалд  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өглөө.

Тэрээр,  "ОХУ-ын дотооддоо шатахуун борлуулж буй үнэ ханш нь манай улсаас хоёр дахин үнэтэй байгаа. Тиймээс тухайн улсын иргэд Монголд хэт хямд үнээр шатахуун нийлүүлээд байна гэдэг дотоод улс төр явагдаж байна. Энүүхэн цаана Улаан-Үүдэд долоон цаг дугаарлаж 20 литр, Эрхүүд мөн адил долоо цаг дугаарлаж байж иргэд нь 30 литр шатахуун авч байгаа.

Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээр, хоёр улсын найрамдалт харилцааны хүрээнд манайд талд ямар ч таслалтгүйгээр шатахуунаа нийлүүлж байна. Одоогийн байдлаар нөөц хангалттай, Үндэсний баяр наадмаар шатахууны хомсдол үүсэхгүй. ОХУ-аас шатахууны үнийн санал дээр өөрчлөлт оруулах хүсэлт ирсэн. Гэрээний хугацаа дуусахаар шатахууны үнийг дотоодын биржийнх нь үнээр худалдан авах санал ирж магадгүй" хэмээн ярилаа.