Нийслэлийн тээврийн хэрэгслүүдэд улсын дугаар олгохдоо 2025 оны зургаадугаар сараас эхлэн холбогдох журмыг үндэслэж, хязгаар тогтоосон.

Тэгвэл энэхүү журмын хууль зүйн үндэслэл, хэрэгжилтийн үр нөлөө, иргэдийн үндсэн эрхэд үзүүлж буй нөлөөллийг дахин нягталж, хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж иргэн Д.Галсанцэрэн цахим өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Тэрбээр өргөдлийнхөө тайлбарт "Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохыг тоон хязгаарлалтаар зохицуулж буй журам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхийг бодитоор хязгаарлаж, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна. Уг журам хэрэгжиж эхэлснээс хойш замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах үндсэн зорилго нь бодит үр дүнд хүрсэн нь тодорхой бус хэвээр байгаа бөгөөд нөгөө талаас улсын дугаарын хомсдол, автомашины үнийн өсөлт, дамлан худалдаалах нөхцөл бүрдэх зэрэг сөрөг үр дагавар үүссэн талаар олон нийтээс шүүмжлэл гарсаар байгаа" гэсэн байна.

33,000 гарын үсэг цуглуулах зорилготой энэхүү өргөдөл өнөөдрийн 13:35 цагийн байдлаар 1,988 хүний дэмжлэгийг авчээ. 

Цахимд өргөдөлд гарын үсэг зурах: https://petition.parliament.mn/