Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас шатахууны нөхцөл байдал болон татан авалтын асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ОХУ-аас 33 вагон АИ-92 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэгдэж, Улаанбаатар хотод 155 шатахуун түгээх станц, орон нутгийн 70 шатахуун станцад түгээлт хийжээ. Оочер дугаарлалтын нөхцөл байдал дээр холбогдох байгууллагууд анхаарал тавьж байгаа аж.

Энэ үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэх судалгаа хийж байгаа. Маргаашаас 100,000 төгрөг рүү шилжүүлэх нөхцөл байдал тогтоогдож болно. 

БНХАУ-аас онгоцны 3,000 тонн дизель түлш импортлох зөвшөөрөл авч, 1,000 тонн нь эхнээсээ Улаанбаатар хотод орж ирж байна. 2,000 тонн дизель түлш Замын-Үүдэд шилжүүлэн ачилт хийгдэж байгаа. Үүний дараа 6,000 тонн автобензин нийлүүлэгдэхээр ачилтад бэлэн болсон. 

ОХУ-тай наймдугаар сард авах бүтээгдэхүүний хэмжээг баталгаажуулсан. Ачилтыг нэмэгдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ярилцахаар Г.Дамдинням сайд маргааш Москва хотод ажиллана. Татварын бүртгэлийн систем болон бусад и-монголиа системтэй хамтарч иргэддээ бодит мэдээлэл хүргэх үүднээс апликейшн хөгжүүлж байгааг дуулгасан. 

Ялангуяа нийслэл хотод Тасганы овоо, Энхтайваны гүүр, Нарны замын дагуу өндөр ачаалал үүсгэдэг. Зарим дүүрэгт ачаалал бага байдаг гэсэн тонн мэдээлэл бий. Өнгөрсөн өдрийн мэдээллээр Сүхбаатар дүүрэгт 11,000 тээврийн хэрэгсэл шатахуун авсан бол Баянгол дүүрэгт 3,000 тээврийн хэрэгсэл авсан байна. 

Тиймээс энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд бодит мэдээллийг түргэн шуурхай хүргэх ажлыг хэрэгжүүлнэ" гэв.