Манай улсын гурван иргэн БНСУ-аас олон удаагийн үйлдлээр мотоцикль, унадаг дугуй хулгайлж Монгол руу ачуулдаг байжээ. Тэд өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн оройн цагаар нэг тонны даацтай ачааны машинаар Өмнөд Солонгосын Дэгү хот дах орон сууцны хороолол, айл өрх олноороо амьдран суудаг газруудаар явж, нийт 13 удаагийн үйлдлээр гадаа тавьсан шинэвтэр болон өндөр үнэтэй 12 ширхэг мотоцикль, 26 ширхэг унадаг дугуйг хулгайлсан нь илэрсэн байна. Тус улсын Дэгү хотын цагдаагийн газраас тэдгээр залуусын нэгийг саатуулж, Монгол буцсан хоёр залууд эрүүгийн хэрэг үүсгэн, Өмнөд Солонгост дахин ирсэн даруйд саатуулах тушаал гаргажээ.Эдгээр монгол залуус гэмт хэрэг үйлдэхдээ машиныхаа дугаарыг солин хуурамч дугаар нааж, нүүрээ халхлах малгай өмсдөг байсан бөгөөд хулгайлсан эд зүйлсээ контейнер ачдаг ачаа тээврийн газар дахь урьдчилан бэлдсэн контейнертээ хурааж байгаад Монгол руу ачуулан, тэнд зарж борлуулан ашиг олдог байсан аж.
Нийт 44 сая 700 мянган вонноор үнэлэгдэх 38 ширхэг  мотоцикль, дугуй хулгайлсан залуусаас баригдаад байгаа П гэгч нь 40 настай, Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдардаг нэгэн байжээ. Тэрбээр 2004 онд зургаан жил ажиллах  гэрээний визтэйгээр Солонгос Улсад ирсэн бөгөөд 2011 онд гэрээний хугацаа дуусахад эх орондоо буцалгүйгээр Солонгос улсад хууль бусаар үлдсэн байна. 
П нь зургаан жил ажиллахдаа мөнгө хурааж чадаагүй тул  Монголд өвчтэй байгаа ээж, эхнэр хоёроо тэжээх мөнгөө олохоор хараар ажиллаж үлдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол руу контейнер ачуулдаг ачаа тээврийн нэгэн  компанид ажиллаж байсан ажээ. Тэрээр Христийн нэгэн сүмд явж байхдаа Х (35) болон Н (21) гэсэн 2 Монгол залуутай танилцан, улмаар хамтран хулгай хийж эхэлсэн ба  хулгайлсан мотоцикль, дугуйгаа ачаа ачдаг контейнертээ авчран задалж боон Монгол руу илгээдэг байсан бол Монголд тосч танилууд  нь дахин угсарч цааш худалдан ашиг олдог байжээ. 

www.wikimon.mn