Цагдаагийн алба хаагчийн нэр, зураг ашиглан гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа
56 минутын өмнө

Цагдаагийн байгууллагаас цагдаагийн алба хаагчдын нэр, зураг болон ажил хэргийн нэр хүндэд халдсан, гэмт хэрэгт холбогдуулан мэдээлсэн нийтлэл, мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд давтан тархаж байгаатай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ.
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас дотоод хяналт шалгалт болон тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Монгол Улсын Үндсэн хуульд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хүнийг гэм буруутайд тооцохгүй байх зарчим үйлчилдэг. Иймээс аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтэд мэдээлэх нь хууль зүйн үр дагавартай болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ. Мөн цагдаагийн алба хаагчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдах, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын байгууллагын байнгын хяналтад шалгагдаж буй эрүүгийн хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой үйл ажиллагааг таслан зогсоохыг мэдэгдсэн байна.







