Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ихээхэн бухимдалтай байна. Тиймдээ ч тэрбээр албан ажлаа хойш тавин байж, алд дэлэм мэдэгдэл гаргаад зогсохгүй өчигдөр өглөө Төв аймгийг зорилоо.

Тэрбээр Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдааныг Булган аймгийн Хутаг- Өндөр суманд хийх шийдвэрийг гаргаад байлаа. Хуралдаанд оролцох багийнхан лхагва гаригт Хөвсгөл Булганы зүг хөдөлсөн бол Ерөнхий сайд өчигдөр араас нь явлаа. Гэхдээ тэрбээр ийнхүү Булганы зүг хөдлөхөөсөө өмнө Төв аймгийн Цагдан хорих төвийг зорьсон байна. Шалтгаан нь мэдээж өөрийнх нь ахлах зөвлөх Л.Гансүхийг саатуулсантай холбоотой. Тодруулбал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас өнгөрсөн мягмар гаригийн орой баривчилсан нь гүйцэтгэх засаглалын тэргүүнийг ийнхүү давчдуулаад байгаа аж. Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрыг байгуулсан цагаасаа эхлэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх хариуцан ажилласан юм. Гэтэл түүнийг уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр эл хэрэгт холбоотой байж болзошгүй гурван хүний хамтаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн гуравдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Харин Л.Гансүх болон Ерөнхий сайдын зүгээс энэ асуудлыг үгүйсгэж, “Худлаа, гүтгэж байна” хэмээж байсан ч “Онц хүнд гэмт хэрэгт холбогдсон учраас, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй” гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр урьдчилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирлын асуудлыг ярьж байгаа юм. Хамгийн хачирхалтай нь ахлах зөвлөхийг нь саатуулсанд Ерөнхий сайд ингэтлээ сандарч, тэвдэж байгаа нь анхаарал татаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр Л.Гансүхийг саатуулсан гэх чимээнээр Булган аймагт хуралдахаар шийдвэрлэсэн Засгийн газрын хуралдаанд явах байснаа хойшлуулсан юм. Орон нутгийн томилолтоо нэг хоногоор хойшлуулахдаа Л.Гансүхийг баривчилсантай холбогдуулан албан ажлаа хойшлуулан байж яаран сандран мэдэгдэл гаргасан нь олон асуулт дагуулж байна. Тэрбээр уг мэдэгдэлдээ “Шинэчлэлийн Засгийн газар гэр хорооллын иргэдээ хямд өртөгтэй нүүрсээр хангах зорилгоор “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсний дүнд өмнө нь 200 мянган төгрөгөөр авдаг байсан нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр худалдан авдаг болж, бага дунд орлоготой олон мянган өрхийн амьдралд бодитойгоор нөлөөлж иргэдийн талархал хүлээсэн билээ. “Нүүрс” хөтөлбөр олон хүний хичээл зүтгэлээр амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд зохицуулагчаар ажилласан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн үүрэг оролцоо өндөр байсан юм. Гэтэл ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна” хэмээв. Энэхүү мэдэгдэлд Л.Гансүхийг хаацайлсан, хууль хяналтынханд ихээхэн дургүйлхсэн өнгө аяс илт цухалзаж байгааг та ч бас анзаарсан байх. Хамгийн чухал нь тэрбээр мэдэгдлийнхээ төгсгөлд “Санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно” гэжээ. Монгол Улсын Ерөнхий сайд хуулийн байгууллагын үйл ажиллагааг илт үгүйсгэхээс гадна тэдэнтэй тэмцэнэ гэсэн нь яах аргагүй анхаарал татна. Хэрвээ гүйцэтгэх засаглалын тэргүүн хуулийн байгууллагын үйл ажиллагааг буруутган, тэдэнтэй тэмцвэл хуульд хэн захирагдах вэ гэдэг асуулт ч энд урган гарч ирнэ. Цаашлаад Л.Гансүх Н.Алтанхуягийн хэн бэ гэх асуулт ч хариулт нэхэж эхэллээ. Ийн хэлэхийн учир нь түүний үл итгээд, тэмцэхээ илэрхийлээд байгаа АТГ-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охиныг ч бас шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Хүнд төрсөн үрээс нь илүү харамлах зүйл үгүй баймаар. Хэдийгээр А.Саранзаяаг Ерөнхий сайдын анхны эхнэрийнх нь хүүхэд гэдэг ч Н.Алтанхуяг гэдэг хүнээр овоглодог нь хөдөлшгүй үнэн. Харин түүний охин А.Саранзаяа Сангийн яамны Төрийн төлбөр тооцооны мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Цэвэр агаар” сангийнхны хуурамч төлбөр тооцоог мэддэг байсныг АТГ-ынхан тогтоосон талаараа мэдээлж байв. Нэг ёсондоо хам хэрэг үйлдэж, улсын мөнгийг бусадтай хуйвалдан шамшигдуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Гэтэл охинд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэхэд Ерөнхий сайд Л.Гансүхийг барьсны дайтай ингэж сандарч байсангүй. Түүгээр ч барахгүй АТГ-аас албан ёсоор мэдээлэл хийж, охиныг нь шалгаж эхэлсэн талаар олонд зарлах үед тэрбээр ямар нэгэн тайлбар хийгээгүйгээс гадна энэ талаар сэтгүүлчид асуухаас нааш ам нээгээгүй юм. Ингэхдээ “Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар хүнийг хэзээ гэм буруутай гэж үзэх вэ гэхээр шүүхийн шийдвэр гарснаар эцэслэх учиртай. Үүнээс өмнө цацаж байгаа бүх яриа сүржин суртал ухуулга. Ер нь Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулж ажиллаад хоёр жил шахуу хугацаа болоход хоёр нөхөр л ажил хийлгэхгүй байна. Нэг нь Ардын нам, нөгөө нь Авлигатай тэмцэх газар” хэмээн улстөржүүлээд өнгөрсөн удаатай. Онцлоход тэрбээр энэ тайлбарыг хийхдээ огтхон ч сандарч тэвдээгүй бөгөөд “Ажил хийлгэхгүй байна” гэх багахан тайлбар өгч байв. Гэтэл ахлах зөвлөх Л.Гансүхийг нь АТГ саатуулахад албан ажлаа хойшлуулаад зогсохгүй алд дэлэм мэдэгдэл гаргалаа. Ингээд ч зогсохгүй тэдэнтэй тэмцэхээ илэрхийлэх нь тэр. Н.Алтанхуягийн энэ сандрал юуг өгүүлнэ вэ гэх хардлага ч хэдийнэ олны дунд түгжээ. Товчхондоо, энэ хүнийг хорьж саатуулж, элдвийг яриулж эхлэхтэй зэрэгцэн Ерөнхий сайдтай холбоотой элдэв “но” энд сөхөгдөх учраас Н.Алтанхуяг сайд аргагүй сандарч байна гэх таамгыг учир мэдэх хүмүүс хийгээд эхэллээ.

Цаашлаад АТГ бол Ерөнхийлөгчийн шууд удирдлагад байдаг. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг “АТГ-тай тэмцэнэ” гэж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хөлөө жийлцэнэ гэж байгаатай агаар нэг сонсогдож байна. Ямартай ч Л.Гансүхийг барьж хорьсон асуудал араасаа олон хүнийг, тэр дундаа Ерөнхий сайдыг ч чирж магадгүй ноцтой нөхцөл байдал үүслээ. Учир нь Л.Гансүхийн холбогдсон хэрэг болох “Нүүрс” хөтөлбөрийг Шинэчлэлийн Засгийн газар санаачилсан. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр Н.Алтанхуяг ажилладаг. Энэ утгаараа Л.Гансүхийн хэрэгт Н.Алтанхуяг холбогдох бодит сэжүүр болж ч мэдэх юм. Өөрөөр хэлбэл, Л.Гансүх зөвхөн даалгавар биелүүлж ажилласан бол яах вэ гэх. Эл бүгдийн учир зангилаа аажим аажмаар хөврөх биз ээ.
 

М.Өнөржаргал
Монголын үнэн сонин