Хотын дарга Э.Бат-Үүл ийм нэгэн хачирхалтай  журмын төслийг НИТХ-ын  тэргүүлэгчдэд өчигдөр өргөн барьжээ.

  Хачирхалтай гэхийн учир нь хэрэв энэхүү журмыг баталбал иргэн та бидэнд Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж байгаатай ялгаагүй зүйл болно гэдгийг эх сурвалж дуулгав. Тодруулбал, түүний өргөн барьсан төсөлд  дурдсанаар Улаанбаатар хотын төв  замаар зорчсон машинтай иргэд сард 40-50 мянган төгрөгийн татварыг  хотын захиргаанд төлж байх гэнэ. Ингэхдээ Баруун дөрвөн замаас 13 дугаар хорооллын уулзвар, “Гэсэр” сүмээс Сансарын тунелийн баруун уулзвар, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайваны өргөн чөлөөгөөр машинтай зорчсон иргэд төлбөр төлдөг болох юм байна.  Ингэхдээ төлбөр төлөөгүй жолоочийг 07.00-22.00  цагийн хооронд дээрх замуудаар явахыг хориглох аж. Түүнчлэн энэ журам аймаг орон нутгийн  болон хилийн цэргийн, хилийн цэргийн тээврийн хэрэгслийн дугаар бүхий тээврийн хэрэгсэлд ч мөн адил хамаарах ажээ.  Эл журмыг боловсруулах болсон шалтгаанаа агаарын бохирдол болон хотын төвийн хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хэмээн тодорхойлжээ.  Хэрвээ түүний өргөн барьсан энэхүү журам батлагдвал жижиг тэрэг сардаа 50 мянгыг  төв замаар зорчсоны төлбөр гэж төлөх бол ачааны машин 40 мянган төгрөгийн төлбөр төлөх аж.  НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан энэ сарын 13-нд болох бөгөөд уг хуралдаанаар Улаанбаатар хотын захирагчийн өргөн барьсан журмыг хэлэлцэн, батлах аж. Уг нь Үндсэн хуульд Монгол Улсын иргэн өөрийн сонгосон газартаа амьдрах эрхтэй  гэж заасан байдаг. Гэтэл нийслэл хотыг сонгон амьдарч байгаагийнхаа төлөө та биднээс тотаци авах нь. Тэр дундаа мөнгө төлөхгүй  л бол  нийслэлийн төв замаар зорчих эрхгүй болж байна.  Эдийн засаг хямралтай, өрх бүрийн өдрийн хоолонд шууд нөлөөлдөг ам.доллар, юань гэх мэт гадаад валютын ханш цаг, минутаар өсч байгаа энэ үед хотын дарга ийнхүү иргэдийг хавчиж боосон журмын төсөл өргөн барьжээ. Магадгүй,  түүний энэ шийдвэр ганц өөрийнх нь биш ч байж болох. Учир нь түүний намын нөхөд хүнд байдалд байгаа. Тодруулбал, АН засгийн эрх барьж байгаа үед  эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал доошлоод зогсохгүй АН-ын рейтинг өдөр ирэх тусам унаж байгаа нь   нууц биш. Тиймээс намын дарга нар нь энэ маягаар иргэдийнхээ халаас руу гар дүрэх аргыг намын гишүүддээ даалгаж байж ч болох юм.  Бараг хүн бүр машин унадаг болсон энэ үед  хотын даргын өргөн барьсан төсөл биеллээ олчихвол  зам ашигласны төлбөр гэж багагүй мөнгө  нийслэлийн төсөвт төвлөрөх нь тодорхой.  Хэрвээ халаасаа тэмтрүүлэхгүй гэвэл иргэн та хотын төвөөр зорчих эрхээ хотын даргынхаа ачаар хасуулах нь.  

М.Өнөржаргал