- Хагархай дугуйнаас хямдхан хүний амь –

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт ажил үүргээ гүйцэтгэж явсан Ашигт малтмалын газрын Геологийн албаны Эрдэс баялгийн судалгааны тасгийн мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Долдугаар сарын 24-нд гараад ор сураггүй алга болсон залуугийн цогцсыг эрлийн багийнхан долоо хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гаригт Цэнхэрийн баруун үзүүр, Хар дов гэдэг газраас олсон. 

Талийгаач залуу харангадаж амиа алдсан болох нь тогтоогдоод байгаа. Тухайн үед юу болсон, эрлийн багийнхан хэрхэн ажилласан хийгээд  27 настай геологич залуу юунаас болж амиа алдах болсон талаар уншигч та бүхэнд хүргэж байна. 

Хоёр жилийн өмнөөс эхлэн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын IV багийн нутаг Идрэнгийн нуруунд БНХАУ-ын компани хууль бусаар ашигт малтмалын судалгаа хийж эхэлсэн байна. Идрэнгийн нуруу Говь-Алтай аймгийн Эрдэнэ,  Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, БНХАУ-ын дунд  хил залгаа оршдог аж. Уг нуруунд өвлийн улиралд нутгийн малчид өвөлждөг гэнэ. 

Хавар, зун, намарт гол горхи, худаг гээд ойр орчимд  ус огт байхгүй учраас хүн амьтны бараа байдаггүй газар аж. Идрэнгийн нуруунаас хамгийн ойрхон зусдаг айл нь  80 гаруй километрийн цаана байдаг юм байна. Ийм л хүн амьтангүй, уух усгүй газарт Ашигт малтмалын газрын гурван ажилтан шалгалт, судалгаа хийхээр  20 хоногийн томилолт аван гарсан байна.  АМГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийн  тушаалаар Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан,  талийгаач Б.Мөнх-Эрдэнэ, жолооч Ч.Түмэнбаяр нар явсан байна. Тэд 30 гаруй мянган километр л  явсан шинэхэн “Ланд 200” маркийн авто машинтай Идрэнгийн нурууг зорин очжээ. 

Запас хоёр дугуй байжээ 

Тухайн үед юу болсон талаар тасгийн дарга А.Дэлгэрсайхан,  жолооч Ч.Түмэнбаяр нар цагдаа нарт ийм мэдүүлэг өгсөн байна. Идрэнгийн нуруунд ашигт малтмалын судалгаа шинжилгээний ажлаа хийж дуусгаад нийслэл хот руу долдугаар сарын 24-ний орой  хөдөлсөн байна. Тэд хэдхэн километр давхиад Баян-Өндөр сумын төв орно гээд нэг ч ширхэг савтай цэвэр ус нөөцөлж аваагүй гэнэ.  GPS төхөөрөмжтэй болохоор төөрөх гэсэн ойлголт байхгүй гээд шөнөөр гарсан  байна. 

Тэд ингэж явахдаа говь нутгийн бут сондуул, харгана зэргийг машинаараа дайруулан явжээ. Тэгж яваад харганын толгойн үзүүртэй хэсэг машиных нь дугуйнд битүү шивж ороод гурван дугуй нь хагарсан аж.

Ингээд гурван дугуй нь хагарсан болохоор цааш явах боломжгүй болжээ. Машиных нь эд анги эвдэрч, эсвэл  шатахуун нь дуусаагүй байсан болохоор  жолооч Ч.Түмэнбаяр ажлын хариуцлага алдсан хэмээн талийгаач залуугийн ар гэрийнхэн үзэж байна лээ. Машинд нь запас хоёр ч  дугуй байсан аж. Тиймээс хагарсан хоёр дугуйгаа сольж тавиад нэг дугуйгаа хагархай чигт нь явуулаад нутгийн  айлд очих боломж байсан аж. Жолооч Ч.Түмэнбаяр шинэхэн авсан машиндаа хоёр запас дугуйтай болохоороо илүү олгой хаймар болоод дугуйны нөхөөс зэргийг авалгүй гарсан байжээ. Мөн шинэ машиныхаа нэг дугуйг нь хагархай чигт нь яваад шатаачихвал ажил дээрээ хэл аманд орно гээд цааш яваагүй байна. Мөн хагарсан хоёр дугуйгаа ч сольж тавилгүй Баянхонгор аймгийн Шинэжинст сум руу тусламж дуудахаар  алхаж хүрэхээр ярилцаад гар чийдэн, GPS төхөөрөмжөө аваад алхсан байна. Шөнө дундын алдад гурвуулаа газрын чиг баримжааг GPS төхөөрөмжөөс авч явсан гэнэ. Ийн явж байтал жолооч Ч.Түмэнбаяр “Хөл өвдөөд явж чадахгүй байна. Та хоёр түрүүлж яваад айлд хэл хүргэ. Би эндээ сууж хэсэг амарч байгаад араас чинь мөрийг чинь хөөгөөд алхъя” гээд үлдсэн байна. Мөн таван километр орчим яваад  Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан мөн л “Ядраад байна. Чи ингээд яваад бай. Айл амьтны бараа харагдах байх. Түмээ ахтай хамт араас чинь алхаж байя” гээд үлджээ. Гэхдээ А. Дэлгэрсайхан талийгаач Б.Мөнх-Эрдэнэтэй дуу дуугаа авалцаад хэсэг явж байгаад хоцорсон байна.  Сүүлдээ Б.Мөнх-Эрдэнийн  бараа нь харагдахгүй болжээ. Ийн явсаар үүр цайх үед А.Дэлгэрсайхан,  Ч.Түмэнбаяр нар тааралдаж хамт явжээ.  Тэд өдөржин алхаад наранд цохиулж, ам нь цангаад хүндхэн байдалтай явсан талаараа цагдаа нарт мэдүүлсэн гэнэ. Бүр харангадаж унах гээд байхаар нь шээсээ уусан гэжээ. Гэвч уруул нь омголтоод  хэцүү байсан аж. Өдөржин дусал ч усны бараа харалгүй явсаар харанхуй болж тэндээ унтсан байна. Ингээд өглөө эрт босч хоёр өдрийн өмнө орсон борооны тогтоол ус жалга судгаар үлдсэн байж магадгүй гээд гүн  жалгатай хэсгээр явжээ. Ийн хагас өдөр явсны эцэст жалганд жаахан газар шалбааг ус олдож амь гарцгаажээ. Тэд шалбааг усан дээр хоёр хоносон байна. Бие нь сульдаж хүндхэн байдалтайгаар явах үед нь Баян-Өндөр сумын малчин залуу мотоцикльтой  өвөлжөөгөө эргээд  буцахдаа    А.Дэлгэрсайхан,  Ч.Түмэнбаяр нартай тааралдаж амийг нь аварсан байна. Тэднийг нутгийн залуу гэртээ аваачин хоол цай өгөөд оройхон сумын төвийн эмнэлэгт хүргэж өгчээ. Тэд сумын төв орсон даруйдаа Ашигт малтмалын газар, Онцгой байдлын газар Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Идэрмөнх зэрэгт мэдэгдсан байна. Ингээд дөрөв дэх хоногоос эхлэн Баян-Өндөр сумынхан 28 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайж ажлыг эхлүүлжээ.    

 

“Онцгой байдлын алба хаагч нар машинаа тойрч зогсчихоод юу ч хийхгүй байсан”  

Баян-Өндөр сумын Засаг даргын тушаалаар мал эмнэлэг, сумын Засаг даргын Тамгын газрын машин, нутгийн иргэд мотоцикльтойгоо алга болсон геологичийг эрэн хайх ажлыг эхлүүлжээ. Сумынхан нэг өдөр хайсан боловч олоогүй аж. Баянхонгор аймгийн төвөөс УАЗ пургон маркийн авто машинтай Онцгой байдлын таван албан хаагч ирсэн байна. Ашигт малтмалын газраас геологич нь алга болсон гэдгийг мэдсэн боловч хоёр хоног ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Мэргэжилтэн нь алга болоод тав хонох гэж байхад ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсан нь Ашигт малтмалын газарт геологич нар алга боллоо гэхэд эрэн хайх ямар ч төсөв мөнгө байхгүйтэй холбоотой аж. Тиймээс АМГ-аас  Засгийн газарт хүсэлт тавьж алга болсон геологич залууг  эрэн хайх хөрөнгө мөнгө гаргуулсан байна. Талийгаач залуугийн ар гэрийнхэн Онцгой байдлын ерөнхий газарт  “Эрэн хайхад нэмэлт хүч өгөх, цөлөрхөг усгүй газар болохоор амиа алдсан байж магадгүй. Тиймээс хурдан олох хэрэгтэй байна. нисдэг тэргээр хайж өгнө үү” гэх хүсэлтийг тавьжээ. Тэгсэн ОБЕГ-ынхан “Бидэнд нисдэг тэрэг байхгүй. Зэвсэгт хүчний жанжин штабаас нисдэг тэрэг гуйсан Сэлэнгэ рүү явчихсан байна” гээд хөдөлж өгөөгүй гэнэ. Харин талийгаачийн ар гэрийнхэн “МАК”-иас нисдэг тэргий нь хөлсөлж эрэн хайлгах ажиллагааг хийлгэжээ. Мөн талийгаач Б.Мөнх-Эрдэнийн ар гэр, хамаатан садан, найз нөхөд, нутгийн иргэд гээд олон хүн Идрэнгийн нуруунд очиж эрлийн багт ажиллажээ. Талийгаач залуугийн ар гэр, найз нөхдийн хэлж буйгаар Онцгой байдлын албан хаагч нар машинаа тойрч зогсоод огт удирдан хайх ажил хийгээгүйд гомдолтой байгаагаа хэлж байв. Эрлийн багынхныг мэргэжлийн дагуу удирдахгүй байснаас үүдэн эрэл зохион байгуулалт муутай байсан аж. Бүр хэсэгчилж хайлгүй нэг газраараа байнга явж хайсан. Онцгой байдлын алба хаагчид  хоол унд эргүүлээд алга болчихдог байсан гээд олон санал гомдол иргэдээс  ирсэн байна. 

Харин нутгийн иргэд олноор ирж эрэлд туслалцаж, газар нутгийн баримжааг зааж өгснөөр талийгаач залуугийн цогцсыг баасан гаригт  олжээ.  

Багийн ахлагч туршлага муутайгаас болж талийгаач амиа алдсан гэв 

Ашигт малтмалын газраас томилолтоор явуулж байгаа ажилтнууддаа  холбоо барих сансрын утас өгдөггүй. Хангалт муу өгдөг. Мөн геологич нар төөрч, осолд орлоо гэхэд ямар арга хэмжээ авах талаар огт сургалт зохион байгуулдаггүй. Хөдөө орон нутагт явж байгаа автомашины бүрэн бүтэн байдал болоод бусад нэн шаардлагатай зүйлсийг авч явж байгаа эсэхийг  огт анхаардаггүй зэргээс үүдэн нэгэн залуу харамсалтайгаар амиа алдсан гэдгийг геологич нар хэлж байна. Мөн геологич нарт бичигдээгүй алтан дүрэм байдаг гэнэ. Тэр нь байнгын цэвэр усны нөөцтэй явах, мөн төөрсөн тохиолдолд хэрэглэх шоколад, шүдэнз  зэргийг биедээ авч явах ёстой гэнэ. Шоколад нь ядарч туйлдаж байгаа хүний алдагдсан зүйлсийг нөхдөг юм байна. 

Мөн  геологийн  баг ахалж явсан тасгийн дарга А.Дэлгэрсайхан туршлага муутайгаас  болж  хамт явсан хүнээ ганцааранг нь явуулжээ. Хэрэв хүмүүс хээр хөдөө төөрсөн бол нэгнийгээ ганцааранг нь явуулахгүй гэсэн энгийн   дүрмийг биелүүлээгүй байна.  Мөн жолооч Ч.Түмэнбаяр хагархай нэг дугуйгаа шаттал нь явуулсан бол өдийд эрдэнэт хүний амь үрэгдэхгүй байсан талаар ар гэрийнхэн нь гомдолтой байна лээ. 

Талийгаач хэн байв  

Б.Мөнх-Эрдэнэ томилолт аваад гэрээсээ гарахдаа эхнэртээ “Найз нь удахгүй ирнэ. Ердөө 20 хоноод хүрээд ирнэ” гээд эхнэр хүүхдээ үнсэж гарсан гэнэ. Тэрээр 27 настай бөгөөд ШУТИС-ийг төгсөж “Хулан-Уул” компанийн хэлтсийн даргаар  ажиллаж байгаад Ашигт малтмалын газарт мэргэжилтнээр орсон юм байна. АМГ-т ажилд ороод жил болж байсан гэнэ.  Ийм л залуу нэг дугуйгаа шатахаас хайрлаж нэр хүндээ бодсон жолоочийн буруугаас  болж амиа алджээ.   

Э.ХҮРЭЛБААТАР