Шинэчлэлийн засгийн газар байгуулагдмагцаа Орон сууцны найман хувийн зээл, Гудамж төсөл, Нүүрс хөтөлбөр, ТҮЦ машин гэх мэт томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж эхлэснээр олон нийтийн талархалыг чамгүй хүлээж, засгийн нэр хүнд ч муугүй байлаа.

Гэсэн манай улсад үүсээд байгаа эдийн засгийн хүндрэл бэрхшээл, дээрх төсөл хөтөлбөрүүдийн доголдол зэргээс үүдэлтэйгээр хүлээлт үүсгээд хөрөнгө оруулагчдын хийгээд ард олны засагт итгэх итгэл алдарч эхлэхийн сацуу чамгүй их хөрөнгө мөнгө босгон эхлүүлсэн Засгийн газрын хөтөлбөрүүдийг тойрсон элдэв хэл ам тасрахгүй нь.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөхийг АТГ Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр буруутган цагдан хорьсон нь томоохон дуулианыг тарьлаа.

Ерөнхий сайд энэхүү хэргийг засгийн газрын нэр хүндэд халдсан, хийсэн ажлыг харлуулах гэсэн улс төрийн явуулга хэмээж, энэ бүхэнтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн юм. Тиймдээ ч тэрээр гэнэтийн байдлаар хорих байранд өөрийн биеэр заларч, өөрийн зөвлөхдөө уулзсан. Гэтэл үүнийг АТГ-ын зүгээс Монгол Улсын хуулийн хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж Ерөнхий сайдыг байцаалтанд дуудахаа олон нийтэд мэдэгдээд байна.

Тэрчлэн АТГ-аас Засгийн газрын хэрэгжүүлсэн өөр нэгэн ажил буюу ТҮЦ машинтай холбоотой санхүүгийн асуудлыг сөхөн, ТҮЦ машины үйлчилгээний орлого хууль бусаар хувийн компаний дансанд орж байгааг тогтоожээ.

Тодруулбал АТГ-т нэгэн иргэнээс “ТҮЦ машины 1000 төгрөгний хураамж хувийн компанид орж байна. Үнэт цаасны зардал Төрөөс гардаг тул шалгуулах тухай” гомдол гаргасны дагуу АТГ тус хэргийг шалгаж, зөрчил дутагдал байгааг олж илрүүлжээ.

Ингэхдээ Засгийн газрын зүгээс уг төслийг хэрэгжүүлэхдээ хариуцсан байгууллагын асуудлыг шийдвэрлээгүйгээс “ТҮЦ” машины нийлүүлэгч “Ньюсоник”ХХК болон “Аствишн”ХХК-д шийдвэр гартал нь хариуцуулан, цахим машинаар үйлчилгээ үзүүлсэний төлбөр, тогтоосон үнэ тарифын дагуу эдгээр компаниудын дансанд орж, компаний үйл ажиллагаанд зарцуулж байжээ.

Ийн АТГ-ын эцэс төгсгөлгүй шалгалтанд Засгийн газар ээлж дараалан бүдэрч, сэвтээд буй нэр хүндээ улам бүр шороотой хутгах боллоо.

 

 

Б.Баттулга