Өнгөрсөн баасан гарагийн орой “Интерном” номын их дэлгүүр олны хөлд дарагдав. Америкийн нэрт зохиолч Хэрман Мэлвиллийн “Моби Дик” сонгодог бүтээлийн нээлт болж, Монголын Орчуулагчдын Эвлэлийн гишүүн манай үе үеийн томоохон орчуулагч нар, уран зохиолд элэгтэй оюутан залуус хуран цугласан байлаа.

Энэхүү XIX зууны сонгодог романыг МОЭ-ийн ерөнхийлөгч О.Чинбаяр дуун хөрвүүлж уншигч түмний хүртээл болгожээ.

Хүн, байгалийн харилцаа, бүтэлгүй өшөө авалт, халим судлалын ухааныг нэвт шингээсэн энэхүү аугаа бүтээл монголчуудын хүртээл болсон нь олон хүнийг баярлуулав. 2009 оны хавар мөн л Ирландын нэрт зохиолч Жэймс Жойсын алдарт “Үлисс”-ээр уншигчдад бэлэг барьж байсан зохиолч, орчуулагч О.Чинбаярын дараагийн том бэлэг ийнхүү таныг хүлээж байна. Саяхан МҮОНТ-ээр Австри-Германы хамтран бүтээсэн “Моби Дик” хэмээх хоёр ангит киног үзэгчид, уншигчид амтархан үзсэн боловч угтаа эх зохиол нь агуулгын хувьд илүү дээр болох нь уншсан хүн бүрт тодорхой байх болно. “Моби Дик”-ийн ертөнцөөр тавтай аялагтун.