Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаагаас сурагчийн дүрэмт хувцасны талаар тодруулахад “Сурагчийн дүрэмт хувцсыг бид өнгөрсөн жилээс шинэчилсэн.

Ялангуяа бага ангийн хүүхдүүдийн дүрэмт хувцсыг 100 хувь шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил цаг хугацааны хувьд давчуу байсан учраас дунд, ахлах ангийн дүрэмт хувцас оройтсон. Бид сурагчийн дүрэмт хувцсандаа тавигдах стандартыг хангасан. Оёдлын нэгдсэн холбооны долоон үйлдвэр оролцсон. Өнгөрсөн жил  нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцас, бусад сургуулийн захиалгын дагуу гурван зуугаад мянган дүрэмт хувцсыг үйлдвэрлэсэн. Энэ жил нийт захиалгын дүрэмт хувцаснуудаа 100 хувь оёчихсон. Бэлэн болчихсон хувцсаа  сургуулиуддаа түгээх ажил үлдээд байна” гэлээ. Эцэг, эхчүүдээс дүрэмт хувцасны материал цоорсон, бөөрөнхийлж ноолорсон гэсэн гомдол их ирдэг. Энэ талаар тодруулахад тэрээр “Манай үйлдвэрлэгчид дүрэмт хувцсаа цэвэр хонины ноосон бүтээгдэхүүнээр хийдэг. Ийм гомдол гарах болсон шалтгаан нь эцэг, эхчүүд дүрэмт хувцсаа үйлдвэрээс нь авдаггүйтэй холбоотой. Манай үйлдвэрийн дүрэмт хувцсыг дуурайлгаж Хятад улсад хийсэн хувцсыг худалдаж авчихаад дээрх гомдлуудыг гаргадаг. Иймээс эцэг, эхчүүддээ анхааруулж хэлэхэд яг үйлдвэрээс нь аваарай гэмээр байна.Эсвэл сургуулиар нь дамжуулж худалдаж байгаа дүрэмт хувцаснуудаас авахыг хүсэж байна. Хятад Улс дэлхийн брэндүүдийг дуурайлгаж хийдгээрээ алдартай. Манай дүрэмт хувцсыг дуурайлгаж оёод зарж байна. Үйлдвэр, сургуулийн алинаас нь ч авсан үнэ нь ялгаагүй. Үнэ нь өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй” гэсэн юм. 

У.УУГАНЦЭЦЭГ