Төрийн тусгай хамгаалалтын газраас  Авлигатай тэмцэх газрыг шалгуулахаар Тагнуулын байгууллагад хандав.

Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар... Төрийн тусгай чиг үүрэгтэй хууль, хүчний байгууллагууд нэг нь нөгөөгөө шалгана гэдэг үнэндээ хэн хүний санаанд багтамгүй хачин жигтэй явдал аж.

Тагнуулын байгууллагын ерөнхий чиг үүрэг бол “Монгол Улсын үндэсний  аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх замаар Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай нөхцөлийг бүрдүүлэх явдал мөн” гэжээ.

 

 Авлигатай тэмцэх газрын хувьд авлигатай л тэмцэх чиг үүрэгтэй. Энэ утгаараа ихэвчлэн албан  тушаалтнуудтай “ноцолддог” газар гээд хэлчихэд буруудахгүй. Тагнуулын байгууллагад ч үндэсний аюулгүй байдлыг сахин хангах зорилгоор зарим гэмт хэргийг мөрдөх чиг үүрэг нь бий.

 

Гэтэл энэ хоёр байгууллага бие биесээ мөрдөн шалгахаар болов. Ингэхдээ Төрийн тусгай хамгаалалтын газрын гомдлоор.

Тус газраас Тагнуулын ерөнхий газарт хандсан гомдлын агуулга нь ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхий сайдын буюу төрийн тусгай хамгаалалтад байдаг этгээдийн үйл хөдлөлд хяналт тавьж, баталгаажуулан, олон нийтэд цацсан учир Авлигатай тэмцах газрыг шалгаж өгнө үү гэсэн утгатай.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхийг баривчлагдсаны дараа Төв аймгийн урьдчилан хорих төвд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хамт зочилсон.

Л.Гансүхтэй уулзуулахыг АТГ-аас хорьсоор байтал Ерөнхий сайд албан тушаалаараа далайлган уулзсан нь  “Хоригдсон этгээдийн уулзалтыг Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтын дагуу эрх бүхий албан тушаалтны албан ёсны зөвшөөрлийг үндэслэн уулзуулна” гэх заалтыг зөрчсөн хэмээн АТГ-аас мэдэгдсэн билээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245.2-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах, энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-ээс 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 300-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэж АТГ үзсэн юм.

АТГ Ерөнхий сайдын хууль зөрчсөн асуудлыг зүгээр ч нэг мэдээлээд өнгөрсөнгүй, урьдчилан хорих төвд очсон бичлэгийг нь олон нийтэд цацсан нь шуугиан дэгдээсэн.

Тэгвэл Төрийн тусгай хамгаалалтын газраас Тагнуулын байгууллагад хандаж буйгаар бол АТГ-ын дээрх үйлдэл хууль зөрчиж, Ерөнхий сайдын нэр төр, халдашгүй дархан байдалд халджээ.

Үүгээрээ АТГ  нь Засгийн газрын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Эрүүгийн хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус тус  зөрчсөн юм байна.

Тухайлбал, Засгийн газрын тухай хуулийн  2.1-д Монгол Улсын Ерөнхий сайдын бие, нэр төр, уналага, зориулалтын орон сууц халдашгүй дархан байна,  Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1.12-д Төрийн тусгай хамгаалалтад байгаа албан тушаалтан, иргэн болон хурал чуулган, арга хэмжээ, тээврийн хэрэгсэл бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалтыг зохион байгуулахтай холбоотой баримт бичиг нь төрийн нууцад хамаарна гэж заасан байдаг ажээ.

 

Гэхдээ төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын толхилцоон еэвэнгийн зөвхөн нэг тал нь буюу харагдах тал нь гэдгийг тэнэг хүн ч ойлгохоор байна.

Цаана нь эрх баригчдын асар том хагарал, зөрчил байгааг нуугаад байх шаардлагагүй болжээ.

Улстөрийн хүрээнийхний дунд байгаа яриагаар  бол төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар гурван тийшээ харжээ.

 

Тэдний хооронд эрх ашгийн асар том зөрчил гарсан гэх бөгөөд хэн хэнээ “намнах” ажиллагаанд өөр өөрсдийн удидлагад байдаг төрийн байгууллагуудыг ашиглаж байгаа бололтой.

Үүнийг тааварлаж ядаад байх юмгүй, зүгээр л энгийн жишээ. Тагнуулын ерөнхий газрын удирдлагыг Ерөнхий сайд томилдог, түүний шууд удирдлагад байдаг газар. Харин Авлигатай тэмцэх газрын удирдлагыг Ерөнхийлөгч санал болгосноор УИХ томилдог. 

Г.Гэрэл