Өнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 9-нд П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн сувилагч бүсгүй ажил дээрээ хутгалуулсан ноцтой хэрэг гарсан талаар medee.mn сайт онцлон мэдээлжээ.

Тодруулбал тухайн өдрийн өглөөний 07:40 цагийн үед тус эмнэлэг рүү гаднаас хутаг, заазуур барьсан нэгэн залуу орж иржээ.  Улмаар таван давхарт байрлах “Уушиг судлалын тасаг” руу явж орон ажлаа хийгээд зогсч байсан 29 настай Б гэх сувилагч бүсгүйг болон түүнийг хамгаалахаар ирсэн найз залуугийнх нь  хүзүүн тус газар нь хутгалж хүнд гэмтээсэн байна.

 

Одоогоор хохирогч Б нь ГССҮТ-д маш хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байгаа  аж.  Харин хамгаалах гэж байгаад мөн хутганд өртсөн залуу Улсын клиникийн гуравдугаар эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.  

 

Мөн тухайн үед залуу хажуугийн өрөөнд байсан бас нэгэн сувилагч руу хутга барин дайрахад каратегаар хичээллэдэг байсны ачаар сувилагч бүсгүй биеэ хамгаалж чадсан байна. Ингээд хутга барин улангасан дайрч байгаа залууг газар унагаан, хутгыг нь булааж авч чадсан бөгөөд цагдаагийнхан шуурхай ирэн түүнийг авч явжээ.

 

Чухам яагаад энэ залуу  хүйтэн мэсээр хүний аминд  санаатай хүрэх шахсан талаар дуулгавал, тэрээр ээжийгээ өмнөх өдөр нь уушигны тасагт хэвтэн эмчлүүлэхээр иржээ. Гэтэл сувилагч "ор байхгүй, хэвтүүлэх боломжгүй" хэмээн хэлсэн байна. Үүнд бухимдсан залуу өдөржин эмнэлэг дээр хэл ам хийж, өвчтөнүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байсан тул сувилагч Б  БГД-ийн цагдаа дуудаж, түүнийг баривчлуулсан байна. Харин залуу тэр өдөртөө суллагдаад өглөө нь энэ аймшигт хэргийг үйлджээ.  Ийнхүү тэрбээр ээжийг нь эмнэлэгт хэвтүүлээгүй, дээрээс нь өөрийг нь цагдаа дуудан бариулсанд өширхөн 29 настай сувилагч бүсгүйн аминд хүрэхээр ирсэн бололтой.  Түүнийг БГД-ийн цагдаагийнхан саатуулан, шалгаж байгаа аж.