Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх төрийн гурван өндөрлөг, зарим гишүүнд хандан захидал бичжээ. Нууцын зэрэглэлтэй уг захидал нь 20 орчим хуудас гар бичмэлээс бүрдсэн бөгөөд захидалд олон чухал зүйл бичигдсэн байх магадлалтай гэнэ.

Уг захидалд “АТГ-аас намайг шалгаж байгаа. Ерөнхий сайдын ахлах зөвлөх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлээд охиныхоо нэр дээр компани байгуулж хэдэн тэрбум төгрөг хувьдаа завшсан гэсэн нь ор үндэслэлгүй. Ерөнхий сайдын ахлах зөвлөхөд тийм эрх мэдэл ч байхгүй” гэх агуулгаар бичсэн аж. Уг захидал цааш хэрхэн үргэлжилж байгаа нь нууцын зэрэглэлтэй гэнэ. Ямартай ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ын мөрдөн байцаагчийн шийдвэрийг үл тоон УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд өнгөрсөн сарын 31-ний өдөр очиж Л.Гансүхтэй уулзсан гэх маргаан намжиж амжаагүй байхад Ерөнхий сайдын ахлах зөвлөх ийнхүү захидал бичжээ. АТГ-аас өнгөрсөн сарын 29-нд буюу мягмар гаригийн орой Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг бусад гурван хүний хамт баривчлан Төв аймгийн урьдчилан хориход хоёр сарын хугацаатайгаар саатуулсан юм. Ингэхдээ Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Л.Гансүх нар нь хариуцан хийхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж 3.6 тэрбум төгрөгийг улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм. 
 

М.ӨНӨРӨӨ