Улстөржиж жүжиглэхгүйгээр долларын ханшаа л буулгачих
2014/08/18
Зуны налгар цагт хэн хүнгүй амарч, УИХ-ын эрхэм гишүүд ч хууль ёсны амралтаа авч, хөдөө гадааг зорьжээ. Гэвч Төрийн ордон эзгүй шахам байсан ч улс төр нам гүм байсан гэвэл ташаарал.
Энд тэндгүй эдийн засгийн хямрал ярьж, улс орон сүйд болж байна гэцгээж зуны амралтанд хачир нэмцгээв. Улстөрчидтэй холбоотой, тэр дундаа Ерөнхий сайдын эргэн тойронд байгаа хүмүүсээс хэл ам салсангүй. Үйлдэл болгоныг нь л буруутгах нь элбэг байна. Зунжин яригдсан гол сэдэв Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүд, тэдний үйл ажиллагааны тухай шүүмжлэл, Ерөнхий сайдын ойр тойрныхныг хорьсон, идсэн ууснаар нь дуудсаар л өнгөрөв. Мөн Засгийн газрыг огцруулах, Ерөнхий сайдыг унагах талаар ч хүний өөрийн нам, улс төрийн хүчнүүд байсхийгээд л мэдэгдэл, уриалга, сануулга өгсөөр байв.
Үүнээс улбаатай ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай гэж МАН-ынхан хэвлэлийн хурал зарласан. МАН-ын генсек Ж.Мөнхбат тэргүүтэй хүмүүс сөрөг хүчнийг төлөөлж УИХ-ын даргад хандаж мэдэгдэл гаргахдаа долларын ханш өслөө, улс орон хэцүүдлээ, Засгийн газрын тэргүүний асуудлыг авч хэлэлцэх шаардлагатайг дурдана лээ. Ерөнхий сайдыг ахлах зөвлөх Л.Гансүхийг хоригдож байхад нь Хууль зүйн сайдтай хамт очиж уулзлаа гэсэн нь тэдний гол буруутгал байсан юм. Энэ нэг их сүр бадрааж гайхаж, цочоод байх зүйл биш. Сөрөг хүчнийхэн иймэрхүү мэдэгдэл хийж л байдаг. Тэрний зоргоор, зөвлөхөө эргэлээ гэж ээлжит бус чуулган хуралдуулж суухаар тэнгэрт хадаад байгаа долларын ханшаа буулгах талаар хуралдаж байвал болох юм. Түүнээс биш зөвлөхөө эргэсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг авч хэлэлцэх гэж хуралдаад ямар ч хэрэг байхгүй.
УИХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулах сонирхол зөвхөн сөрөг хүчин гэлтгүй АН-ын зарим гишүүдэд ч байгаа. Тэдний төлөөлөл болгож гишүүн М.Зоригт, С.Дэмбэрэл нар УИХ-ын даргад уриалга хүргүүлсэн. Гэхдээ тэдний саналд валютын ханшийн өсөлт, инфляцийн түвшин улсын нийгэм эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлөх нь нэмэгдэж байгааг дурдаад, ээлжит чуулганыг хүлээлгүй эдийн засгийн хямралыг давах асуудлыг хэлэлцэх шаардлагатайг дурдсан байна лээ. Эдийн засаг сайжруулах талаар, долларын ханш буулгах тухайд хуралдвал болж байна. Харин ээлжит нэгэн улс төрийн жүжгийг тавьж, сандал ширээ албан тушаалаа булаацалдаж, хэмлэлдэх, эсвэл шоронд байгаа зөвлөхөө эргэлээ хэмээн загнах гэж байгаа бол ээлжит бус чуулган хуралдах шаардлага байхгүй.
Ээлжит бус чуулганы талаар УИХ-д суудалтай болон суудалгүй намууд, гишүүд өөр өөр байр суурьтай байгаа. УИХ-д суудалгүй намууд ээлжит бус чуулганыг хуралдуулах санал хэлж байгаа ч тэд эдийн засаг хямраад байхад Ерөнхий сайд огцрох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Чуулган хуралдуулах шаардлагатай гэсэн есөн үндэслэл гаргаад тавьж. Тэр ч бүү хэл Хятадын удирдлагыг ирэхээс өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг яаран шийдэх ээлжит бус чуулган хуралдах хэрэгтэй гэж шаардаж буй.
Зарим нь ийм байр суурьтай байхад нэг хэсэг нь ээлжит бусаар хуралдах шаардлагагүй гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Д.Арвин “Чуулган ямар үед хуралдаж, гишүүд хэзээ амрах нь хуульчлагдсан. Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэнэ гэж Засгийн газар асуудлаа өргөн барьсан бол ээлжит бусаар хуралдаж болох юм. Түүнээс өөрөөр ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй. Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын асуудал бол өөр. УИХ шүүх байгууллага биш” гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Б.Гарамгайбаатар нар мөн л “Засгийн газраас хэлэлцэх асуудал оруулж ирээгүй, төсвийн тодотгол хэлэлцье гээгүй байхад ээлжит бус чуулган хуралдуулах хэрэг байхгүй, юу хэлэлцэх вэ гэдгээ бодолцох ёстой” гэсэн байр суурьтай байна. Харин БНХАУ-ын дарга айлчлахтай холбоотой хүндэтгэлийн чуулган ирэх 22-нд болох юм.
АН эрх барих бүртээ эв эвдэж хэрүүл тэмцэл, албан тушаалын сонирхлоосоо болж дотооддоо эе эвдрэхэд өөр намд ашиг ирнэ үү гэхээс ард түмэнд сайнаар наалдаж байсан түүх үгүй. Мөн өөрийнх нь намд ч энэ нь дандаа муу үр дагавар авчирч байсан. Энэ чигтээ АН-ынхан хэдэн тийшээ хараад суучихвал дараагийн сонгуульд ялна гэж байхгүй. Сөрөг хүчин сөрөг үйлдэл хийх шаардлагагүйгээр АН өөрсдөдөө унах нүхээ бэлдчихнэ гэсэн үг. Дандаа бусдын аманд орж, өөрсдөдөө унах шалтгаан бий болгодог. Гэвч АН-ын эв түнжингүй байдал, фракцуудын зөрчилдөөн нь энэ удаа ч давтагдаж, дотооддоо зөрчилдөж эхэлсэн нь нэгэнт ил тодорхой мэдэгдэх болсон. Өргөн нарийн, цариг, өшөө авалтын улстөржилт хэрээс хэтэрлээ. Зуны налгар цагт АН-ын дотоод зөрчил, улс төрийн гадаад хүчин зүйл, эдийн засгийн хямралтай зэрэгцээд нийгмийн амьдралыг налайлгасангүй. Засаг барьсны маргаашаас л эе эвдэрч эхэлсэн гэхэд нэг их буруутахгүй байх. Одоо ингэж суухын оронд эдийн засгаа хамтдаа яаж босгож ирэх талаар ярилцаж нэг шийдвэрт хүрмээр байгаа юм.
Ер нь үеийн үед аль засаг төр барьсан эрх баригчдыг бүгд л шүүмжилдэг. Ялангуяа Монголд энэ бол тогтчихсон ойлголт. Хэзээ хойно хэн нэгэн Ерөнхий сайд, аль нэг эрх баригчтай харьцуулж байж л жинхэнэ үнэлэлт дүгнэлт гарч ирдэг. Шүүмжиллээ гээд айж, гайхаад байх зүйлгүй. Энэ засгийг огцрууллаа гээд дараа нь хэн ч гарлаа гэсэн өргөс авахын дайны эдийн засаг сэргэчихнэ гэж байхгүй. Эдийн засаг хүндхэн, долларын ханш өсөөд айл бүрийн амьдралд энэ нь нөлөөлж байгааг хэн ч мэднэ. Амтай болгон л толгой сэгсрэн шаагилдаж байна. Одоо асуудлын гол нь энэ л болохоос Н.Алтанхуяг болоод түүний танхимын гишүүд биш. АН-ынхан одоо л ширээ тойрч суугаад хүндхэн байдлаас хэрхэн гарч, хөрөнгө оруулагчдыг цаашаа явсан сэтгэлийг нааш хандуулахгүй бол Н.Алтанхуяг ба түүний нөхдийн асуудлыг хэлэлцэж, зөвлөхөө эргэснээр нь улс төр хийж байх зуур цаг хугацаа яваад байна. Н.Алтанхуягаа унагаж, дараагийн засгийг байгуулж эмхлэх гэсээр байтал ард түмэн, улс орон чинь хэцүүдэх гээд байна. Та нарын хэрүүл тэмцэл, албан тушаалын маргааныг хүлээж буурдаг доллар гэж юу байхав. Ахин хэлэхэд яг одоогоор долларын ханштай л ноцолдож, эдийн засгаа өөдлүүлж, улс орноо аврахаа бод.
зүрх судас · 2014/08/19
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүрийн 12:30 цагт явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/08/19