-ИРГЭДИЙН 29 ХУВЬ НЬ УИХ-ЫГ, 31 ХУВЬ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦРОХ ЁСТОЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ-

Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрч ам.долларын ханш хяналтаас гарч, инфляци өссөн зэрэг шалтгааны улмаас Шинэчлэлийн Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН 100” хөтөлбөрийг боловсруулсан билээ.  Өчигдөр 100 хоногийн аян дууссан юм. Үүнтэй холбогдуулан “ЭЗЭН 100” хөтөлбөрийн биелэлтийг олон түмэн хэрхэн үнэлж буйг тандах судалгааг Стратеги академиас гаргажээ. Тус академи нь энэ сарын 13-16-ны хооронд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 600 хүнийг судалгаанд хамруулсан байна. Тиймээс өнөөдөр Стратеги академиас мэдээлэл хийж судалгааны дүнг судлаач, социологич Ц.Заяхүү танилцууллаа.

Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсанаас хойш иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарсэн бэ гэсэн асуултад иргэдийн 15,1 хувь нь сайжирсан, 48,3 хувь нь хэвэндээ, 26,4 хувь нь дордсон, 10,2 хувь нь амьдралын түвшинг тодорхойлж чадахгүй байна гэсэн хариултыг өгчээ.

Мөн өнөөдрийн улс орны эдийн засгийн хөгжил ямар түвшинд  байна вэ гэсэн асуултад иргэдийн 3,4 хувь нь маш хурдацтай өссөн, 16,6 хувь нь хөгжих шатандаа орж байна, 21,2 хувь нь онцын өөрчлөлт харагдахгүй байна, 17,8 хувь нь бага зэрэг дордсон, 26,3 хувь нь маш том уналтад орсон гэж хариулжээ.

Үүнээс харахад судалгаанд оролцсон 5 хүн тутмын нэг нь Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн хөгжлийн түвшин хурдацтай хөгжих шатандаа явж байна гэж дүгнэсэн байна.

“ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжих хугацаанд иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ гэсэн асуултад 5,7 хувь нь сайжирсан, 29,3 хувь нь хэвэндээ, 34,4 хувь  буюу 3 хүн тутмын нэг нь амьдрал дордсон, 30,6 хувь нь хариулж мэдэхгүй байна гэж дүгнэжээ.  

Түүнчлэн энэ хөтөлбөр ард иргэдэд өгөөжөө өгсөнгүй, хэлбэр, нэр төдий байсан гэж дүгнэсэн байна. Мөн судалгаанд хамрагдсан иргэдийн 95,1 хувь нь эдийн засаг сайжирсангүй, эдийн засгийн хямрал нүүрлэчихээд байна гэсэн дүгнэлтийг өгчээ.

 “ЭЗЭН 100” хөтөлбөр үр дүнд хүрээгүй юм бол хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуултад 28,8 хувь нь УИХ, 30,8 хувь нь Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, 16,4 хувь нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцрох,  3,6 хувь нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр огцрох 1,1 хувь нь Сангийн сайд Ч.Улаан огцрох, 19,3 хувь нь дээрхи гурван хүн хариуцлага хүлээж огцрох гэсэн хариултыг өгчээ.

Мөн судалгаанд оролцсон 600 иргэдийн 6,9 хувь нь гудамж төсөл, 3,1 хувь нь хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт, 2,3 хувь нь аймгуудыг холбосон автозамын ажлыг сайн хэрэгжсэн гэж дүгнэсэн байна. Стратеги академийнхан “бид аливаа зүйлийг харлуулах гэсэн өнцгөөс нь энэ судалгааг хийгээгүй. Энэ бол иргэдийн санал, дүгнэлт” гэсэн юм.