Өглөө ажилдаа явахаар автобусны буудал ортол хөл толгой нь мэдэгдэхгүй баахан хүмүүс бужигнаж байв.  Би ч учрыг эс олж өөрийн суух автобусаа хэсэг хүлээлээ. 

Гэтэл ирдэггүй ээ.  Дандаа л нэг чиглэлийн автобус ирэх юм.  Ядаж тэр нь хөл гишгэх зайгүй пиг пүүрэн. Хэсэг хүлээсний эцэст хажуудаа зогсч буй эгчээс асуутал “мэдэхгүй ээ би ч өөрөө юунд суухаа мэдэхгүй зогсч байна.  Өнөөдрөөс эхэлж 500 төгрөгөөр зорчиж эхэлж байгаа юм байх” гэв. Нийслэлээс жил бүр хичээлийн шинэ жилийг угтаж зарим замын засвар, шинэчлэлийн ажилтай уялдуулан үүсч болзошгүй замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийдэг. Энэ хичээлийн жилийг угтаж наймдугаар сарын 22-31-нийг дуустал дугаарын хязгаарлалт хийх болсонтой холбогдуулан бүтэн өдрийн туршид 500 төгрөгөөр нийтийн тээврээр үйлчлүүлэх шинэ үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлэх болсон. Тэгвэл энэхүү арга хэмжээ нь өндрөөс эхэлж байгаа аж. Хэвлэл мэдээллээр өдөржингөө 500 төгрөгөөр зорчино гэх мэдээлэл гарахад иргэд алга ташин хүлээж авсан.  Мэдээж иргэдийн амьдрал хэцүү үед 500 төгрөгөөр хаашаа л бол хаашаа явна гэдэг сайхан л даа.  Гэхдээ энэхүү арга хэмжээ 10 хоногийн туршилт ч гэсэн иргэдийн ажил амьдралд хүчтэй нөлөөлж байгаа нь харагдаж байлаа.  Автобусны буудал дээр иргэд нэг хүнийг дагаад л хуйлраад байх аж.  Тэр нь автобусны кондуктор гэж байгаа юм.  Тэд тасалбараа автобусныхаа буудал дээр тараана. Иргэд өдөржингөө нийтийн тээврээр үнэгүй зорчих гэсэн биш хамаг байдаг цаг заваа барж дуусах нь байна хэмээн үглэх хүн зөндөөн. Энд юунд суухаа мэдэхгүй Төөрсөн, будилсан, бухимдсан хүмүүс олон. Учир нь бүх нийтийн тээвэр нэг л тасалбараар үйлчилнэ гэдгээс болж нийтийн тээврийн тоо багасч , автобусны буудлууд ачаалалтай болчихсон нь энэ аж. 

Ядаж байхад хаанаас ямар чиглэлд явах нь тодорхой бус.  Бухимдсан иргэд асуухаар “дамжаад, дамжаав яв аа” гэдэг л ганц хариулт өгөх нь тэр. Бас нэг нөхөр яаж зах орох вэ гэж кондуктараас асуутал “ямар ч хамаагүй автобусанд суугаад тойроод яв, хэзээ нэгэн цагт очино гэх юм. Ийнхүү автобус унааныхаа учрыг олохгүй хичээл сургуулиасаа хоцорчихлоо гэж маш олон хүмүүс бухимдаж байгаа юм.  Тэрчлэн эдийн засагт хэмнэлттэй гэж байгаа ч цаг заваа алдаж байгаа нь хамгийн том асуудал болоод байна хэмээн эгдүүцэж байсан юм.  Тиймдээ ч иргэдийн цаг завыг үрэгдүүлсэн хий дэмий туршилтаа зогсоох хэрэгтэй гэж эгдүүцэх иргэд ч олон байлаа.   
 

Д.Анар